images

ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН КУВЕЙТ УЛСЫН ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙН ДАРГА АСАН АХМАД АЛЬ-САДУУН-ТАЙ УУЛЗЛАА.

Хэвлэлийн мэдээ

2024-03-24

86

Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П.Сэргэлэн Кувейт Улсын Үндэсний ассамблейн дарга асан Ахмад Аль-Садуун-тай уулзав.

Уулзалтын эхэнд Элчин сайд П.Сэргэлэн ислам шашны Рамадан сар болж байгаатай холбогдуулан халуун дотно мэндчилгээг уламжлаад Монгол, Кувейт Улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, тэр дундаа хоёр орны хооронд махны экспортыг эхлүүлэх чиглэлд өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хийж буй ажлууд, ирэх онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудын талаар тус тус товч танилцуулав.

Түүнчлэн Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засаг, аялал жуулчлалын салбарын өнөөгийн нөхцөл байдал, тэр дундаа олон хоног үргэлжилсэн цасан шуурга, хүйтрэлийн улмаас 19 аймаг буюу нийт газар нутгийн 90 орчим хувь цасанд дарагдаж, зарим газарт 1-2 метр хүртэл хунгар үүссэн нь сүүлийн 50 орчим жилд тохиогоогүй “зуд” нүүрлэж, өнөөдрийн байдлаар 4.7 сая орчим мал үрэгдэж, 190,000 гаруй малчин айл өрх гамшигт нэрвэгдэж, нөхцөл байдал хүнд байгаа талаар мэдээлэв.

Уулзалтын үеэр Элчин сайд Үндэсний ассамблейн дарга асан Ахмад Аль-Садуун-д Кувейт Улсын хөгжил, цэцэглэлт, тэр дундаа хууль тогтоох байгууллагын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буйг дурдаж, Үндэсний ассамблейн ээлжит сонгуульд нэр дэвшиж байгаад амжилт хүсэв.