images

ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН КАТАРЫН УЛААН ХАВИРГАН НИЙГЭМЛЭГИЙН ТУСЛАМЖ, ОЛОН УЛСЫН ХӨГЖЛИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН ЗАХИРАЛТАЙ ЦАХИМ УУЛЗАЛТ ХИЙВ

Хэвлэлийн мэдээ

2024-03-14

90

Элчин сайд П.Сэргэлэн Катарын Улаан хавирган сар нийгэмлэгийн Тусламж, олон улсын хөгжлийн асуудал хариуцсан захирал Др.Муххамад Ибрахимтай 3 дугаар сарын 14-ний өдөр цахим уулзалт хийв.

Уулзалтын эхэнд Элчин сайд П.Сэргэлэн Монгол, Катарын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд өндөр түвшинд явагдаж байгааг дурдаад өнгөрсөн онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиосныг тэмдэглэв.

Элчин сайд цааш нь Монгол Улсад олон хоног үргэлжилсэн цасан шуурга, хүйтрэлтийн улмаас 19 аймаг буюу нийт газар нутгийн 90 орчим хувь цасанд дарагдаж, зарим газарт 1-2 метр хүртэл хунгар үүссэний улмаас сүүлийн 50 орчим жилд тохиогоогүй зуд нүүрлэж, өнөөдрийн байдлаар нийт 3.7 сая орчим мал үрэгдэж, 152,000 гаран малчин айл өрх гамшигт нэрвэгдээд байгаа бөгөөд цаашид энэ байдал үргэлжилж хаваржилтын нөхцөл байдал хүндэрч, малын хорогдол ихээр нэмэгдэх төлөвтэй байгаа талаар мэдээлэв.

Зудын аюулыг давах хүрээнд Монгол Улсын Засгийн газраас “Малчдаа дэмжих үндэсний аян” өрнүүлж байгааг дурдаад энэхүү аянд Катарын Улаан хавирган нийгэмлэгийг нэгдэж, Монгол Улсад тусламж, дэмжлэг үзүүлэх хүсэлтийг тавив. Түүнчлэн Гадаад харилцааны сайд бөгөөд Монголын Улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхийлөгч Б.Батцэцэгээс Катарын Улаан хавирган сар нийгэмлэгт хаягласан захидлыг хүргүүлсэн талаар тэмдэглэв.

Др. Муххамад Ибрахим хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд Катарын Улаан Улаан хавирган сар нийгэмлэгийн хувьд Монголын улаан загалмайн нийгэмлэгтэй холбоотой ажилладаг бөгөөд цар тахлын үеэр хамтран ажиллаж, холбогдох дэмжлэг туслалцааг үзүүлж байсан талаар мэдээлэв. Мөн тэрээр Монголд үүсээд буй нөхцөл байдлыг даван туулах асуудлаар тодорхой санал санаачлага, төслийг монголын талаас ирүүлсэн тохиолдолд Катарын хөгжлийн төлөөх санд төслийг хүргүүлж, судалж үзэхэд бэлэн байгаагаа нотлов. Др. Муххамад Ибрахим Катарын хөгжлийн төлөөх сан буцалтгүй тусламжийн асуудлыг хариуцан ажилладаг тул Элчин сайдыг тус байгууллагад мөн хүсэлт гаргахыг зөвлөв.