images

ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН КУВЕЙТИЙН УЛААН ЗАГАЛМАЙН НИЙГЭМЛЭГИЙН ТУЗ-ЫН ДАРГА ДР. ХИЛАЛ МУСАИД АЛЬ-САИР-ТАЙ УУЛЗАЛТ ХИЙВ

Хэвлэлийн мэдээ

2024-02-28

127

Элчин сайд П.Сэргэлэн Кувейтийн Улаан загалмайн нийгэмлэгийн Ерөнхийлөгч Др. Хилал Мусаид Аль-Саиртай 2 дугаар сарын 28-ны өдөр уулзалт хийв. Уулзалтад Кувейтийн Улаан загалмайн нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Маха Баржас Хамууд Аль-Баржас, захирал Абдулрахман Аль-Аун, ЭСЯ-ны II нарийн бичгийн дарга З.Даваажав нар оролцов.

Уулзалтын эхэнд Элчин сайд П.Сэргэлэн Др. Хилал Мусаид Аль- Кувейт Улсын Үндэсний баярын 63, Эрх чөлөөгөө сэргээн тунхагласны 33 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлээд Монгол Улс 1990 онд Ирак Улс Кувейт Улсыг эзлэн түрэмгийлснийг эрс эсэргүүцэж байр сууриа олон улсад илэрхийлсэн анхны орнуудын нэг байсныг онцлон тэмдэглэв.

Элчин сайд П.Сэргэлэн 2023 онд ЭСЯ-ны хийсэн гол ажлуудын нэг болох Монголын Стандарт, хэмжилзүйн газар Булангийн хамтын ажиллагааны зөвлөлийн дэргэдэх Магадлан итгэмжлэлийн төвөөр Халал гэрчилгээ олгох магадлан итгэмжлэлээ амжилттай хийлгэсний дүнд Монголоос Кувейт руу мах экспортолж, Кувейтийн зах зээлийг эрүүл, органик үхэр, хонины мах, махан бүтээгдэхүүнээр хангах бүрэн боломж нээгдсэн бөгөөд зөвхөн тээврийн асуудлыг шийдвэрлэх асуудал хүлээгдэж буйг дурдав.

Др. Хилал Мусаид Аль-Саир баярын мэндчилгээ дэвшүүлсэнд талархаад Монгол Улс дайны хүнд нөхцөл байдалд Кувейтийн талд бат зогссонд баяртай байгаагаа илэрхийлэв. Мөн тэрээр Монголын эрүүл, органик мах кувейтийн зах зээлд нийлүүлэгдэх боломжтой болсныг талархан хүлээн авч буйгаа тэмдэглэв.

Уулзалтын үеэр Элчин сайд Монгол Улсад олон хоног үргэлжилсэн цасан шуурга, хүйтрэлтийн улмаас 19 аймаг буюу нийт газар нутгийн 80 орчим хувь цасанд дарагдаж, зарим газарт 1-2 метр хүртэл хунгар үүссэний улмаас сүүлийн 50 орчим жилд тохиогоогүй зуд нүүрлэж, өнөөдрийн байдлаар нийт 2.1 сая орчим мал үрэгдэж, 72,000 гаран малчин айл өрх гамшигт нэрвэгдээд байгаа бөгөөд цаашид энэ байдал үргэлжилж хаваржилтын нөхцөл байдал хүндэрч, малын хорогдол ихээр нэмэгдэх төлөвтэй байгаа талаар мэдээлэв.

Зудын аюулыг давах хүрээнд Монгол Улсын Засгийн газраас “Малчдаа дэмжих үндэсний аян” өрнүүлж байгааг тэмдэглээд энэхүү аянд Кувейтийн Улаан загалмай нийгэмлэгийг нэгдэж, Монгол Улсад тусламж, дэмжлэг үзүүлэх хүсэлтийг тавиад Гадаад харилцааны сайд бөгөөд Монголын Улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхийлөгч Б.Батцэцэгээс Кувейтийн Улаан хавирган сар нийгэмлэгт хаягласан захидлыг Улаанбаатар дахь НҮБ-ын суурин төлөөлөгчийн газраас гаргасан зудын нөхцөл байдлын талаарх тайлангийн хамт гардуулав.

Др. Хилал Мусаид Аль-Саир Монгол Улсад нөхцөл байдал хүндэрч зудын нөхцөл байдалд хүрээд байгаад сэтгэл эмзэглэж буйгаа илэрхийлээд байгууллагынхаа удирдах зөвлөлийн хурлаар яаралтай хэлэлцүүлж, Монголын малчин ард түмэнд туслах чиглэлээр бүх анхаарлаа хандуулж ажиллахаа мэдэгдэв. Мөн энэ хүрээнд Монголын Улаан загалмайн нийгэмлэг болон Элчин сайдын яамтай ойр дотно, холбоотой ажиллахаа илэрхийллээ.

Кувейт Улсын Засгийн газраас 2011 оны зудын гамшгийг даван туулахад зориулж, 500,000 ам.долларын тусламж үзүүлж байсан болно.