images

ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН КУВЕЙТ УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ АЗИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН ТУСЛАХ САЙД САМИХ ИССА ЖОХАР ХАЯАТТАЙ УУЛЗЛАА

Хэвлэлийн мэдээ

2024-02-19

73

Элчин сайд П.Сэргэлэн 2023 он Кувейтийн Гадаад хэргийн яам тэр дундаа Азийн газрын дэмжлэгтэйгээр Монголын соёл, урлаг, өв уламжлалыг сурталчлан таниулах “Welcome to Mongolia” арга хэмжээг Эль-Кувейт хотноо амжилттай зохион байгуулсан, Агаарын харилцааны хэлэлцээрийг эцэслэсэн, Монголоос мах экспортлох ажилд томоохон ахиц гарсан үр бүтээлтэй жил болж өрнөснийг онцлов. Түүнчлэн, Кувейтийн сангийн буцалтгүй тусламжаар баригдаж, өнгөрсөн оны 5 сард ашиглалтад орсон Түлэнхийн төв эмнэлгийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа бөгөөд саяхан Улаанбаатар хотноо болсон дэлбэрэлтийн улмаас гэмтэж бэртсэн иргэд тус төвөөр түргэн шуурхай үйлчлүүлэн эмчлүүлж байгаа нь хоёр орны хамтын ажиллагааны бодит үр дүн гэж үзэж байгаагаа цохон тэмдэглэлээ.

Элчин сайдын яамны зүгээс 2024 онд махны экспортыг эхлүүлэх, аялал жуулчлал, соёлын хамтын ажиллагаанд илүү чухал ач холбогдол өгч ажиллахаар төлөвлөж байгааг мэдээлж, Гадаад хэргийн яамнаас эдгээр салбарын хамтын ажиллагаанд анхаарал хандуулж, холбогдох дэмжлэгийг үзүүлж ажиллахыг хүсэв .

Мөн , ирэх онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиохтой холбогдуулан “Өргөтгөсөн түншлэлд хүргэх замын зураглал”-ыг ойрын хугацаанд байгуулж, тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэх саналтай байгаагаа илэрхийлэв.

Туслах Сайд Самих Исса Монгол Улсын цагаан сарын баярыг тохиолдуулан Кувейтийн Гадаад хэргийн сайд, дэд сайд болон өөрийн нэрийн өмнөөс халуун дотно баярын мэндчилгээ дэвшүүлээд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа өнгөрсөн онд идэвхтэй өрнөсөнд баяртай байгаагаа тэмдэглэв. Тэрээр цааш нь Кувейтийн сангийн санхүүжилтээр эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлсэн төсөл Монголын ард түмэнд бодитоор хүрч байгаад баяртай байгаагаа илэрхийлэв.

Өргөтгөсөн түншлэлд хүрэх замын зураглалын тухайд Кувейтийн удирдлагаас тус баримт бичгийг байгуулахыг зөвшөөрсөн бөгөөд холбогдох яамдаас саналуудыг хүлээж байгаагаа тэмдэглэв. Мөн Гадаад хэргийн яамны зүгээс хоёр орны аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагаа, Монголоос мах импортлох ажилд бүх талын дэмжлэг үзүүлж ажиллахаа мэдэгдэв.

Уулзалтын үеэр талууд хоёр орны хооронд байгуулахаар яригдаж буй бусад баримт бичгүүдийг ойрын хугацаанд эцэслэх, улмаар дээд өндөр түвшний айлчлалын үеэр гарын үсэг зурах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.

Уулзалтын төгсгөлд Элчин сайд П.Сэргэлэн Монгол Улсад нүүрлээд буй зудын гамшигт нөхцөл байдлын талаар зарим тоон мэдээллүүдийг өгч Кувейт Улстай хамтран монголын малчдад туслах боломж бололцооны талаар санал солилцлоо.