images

ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН КАТАРЫН ХӨГЖЛИЙН САНГИЙН ТӨСӨЛ ХАРИУЦСАН ГАЗРЫН ОРЛОГЧ ДАРГАТАЙ УУЛЗАВ

Хэвлэлийн мэдээ

2024-02-17

94

Элчин сайд П.Сэргэлэн Катарын хөгжлийн сангийн Төсөл хариуцсан газрын орлогч дарга Султан Аль-Асийр-тай 2024 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Катарын сангийн төв байранд уулзав.

Уулзалтын эхэнд Элчин сайд П.Сэргэлэн Монголын нийгэм, эдийн засагт чухал нөлөөгөө үзүүлсээр байгаад Монголын ард түмэн болоод Засгийн газар талархаж явдгийг дурдав. Катарын сантай хийсэн өмнөх уулзалтын үеэр Монгол Улсын эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай байгаа Хавдрын эмнэлэг шинээр барих төслийг санхүүжүүлэх асуудлыг зарчмын хувьд дэмжсэнд талархал илэрхийлээд энэхүү төслийг Монгол Улсын УИХ-ын хуралдааны үеэр улсын төсвөөр барих шийдвэр гарсан тул өмнөх хүсэлтийг цуцлах шийдвэр гарсныг мэдэгдэв. Дээрх төслийн оронд Улаанбаатар хотыг эртний нийслэл Хархорин хоттой холбосон замыг өргөтгөх төслийн эхний хэсгийг Катарын сангаар санхүүжүүлэх хүсэлтийг тавив.

Султан Аль-Асийр Монгол, Катарын харилцаа, хамтын ажиллагаа өргөжиж байгаа бөгөөд энэхүү хамтын ажиллагааны нэг хэсэг нь Катарын сан болж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлэх төслийг улсын төсвөөрөө хэрэгжүүлэхээр болсныг ойлгож хүлээн авч байгаагаа илэрхийлээд шинээр тавьж буй зам барих төслийн талаарх техник эдийн засгийн үндэслэл бүхий дэлгэрэнгүй мэдээллийг албан ёсоор ирүүлбэл холбогдох судалгааг хийж, Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаараа хэлэлцүүлж ойрын хугацаанд шийдвэрлүүлж, төслийг эхлүүлэх боломжтой гэдгийг мэдээлэв.

Уулзалтын төгсгөлд Элчин сайд П.Сэргэлэн төслийн талаарх мэдээлэл, албан ёсны хүсэлтийг Зам, тээврийн хөгжлийн яамнаас ойрын хугацаанд авч Монгол Улсын Сангийн яамаар дамжуулан Катарын хөгжлийн санд албан ёсоор хүргүүлэх, энэ асуудлаар цаашид тогтмол холбоотой ажиллахаар тохиролцлоо.