images

ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН КАТАРА СОЁЛЫН САНГИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛТАЙ УУЛЗЛАА

Хэвлэлийн мэдээ

2024-02-17

89

Монгол Улсаас Катар Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П.Сэргэлэн “Катара” соёлын сангийн Ерөнхий захирал Др.Халид Аль-Сулайти-тай уулзалт хийв.

Элчин сайд П.Сэргэлэн Монгол, Катарын соёлын хамтын ажиллагаа өргөжин хөгжихөд КАТАРА соёлын сангийн үүрэг оролцоо тэр дундаа Ерөнхий захирал Др.Халидын туслалцаа, дэмжлэг өндөр байгааг тэмдэглээд цаашид КАТАРА-тай хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Соёл урлагийн газар, КАТАРА соёлын сан хооронд хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, хамтын ажиллагааг эхлүүлэх саналтай байгааг дурдав.

Др.Халид Аль-Сулайти Катар, Монголын соёлын хамтын ажиллагаа үр дүнд хүрч байгаад баяртай байгаагаа илэрхийлээд Монгол Улсын Соёл урлагийн газартай хамтран ажиллахад бэлэн байгаа бөгөөд Санамж бичгийн төслийг ирүүлсэн тохиолдолд судалж үзэн хариуг ойрын хугацаанд хүргүүлэхээ мэдэгдэв.

Уулзалтын үеэр Элчин сайд Монгол Улсын соёл, өв уламжлал, түүхийг Катарын ард түмэнд сурталчлан таниулах зорилгоор Монгол Улсын соёлын элч Морин хуур чуулгын бүрэн хэмжээний тоглолт болон Тамгагүй төр (The Mongol Khaan) жүжгийг Катарын ард иргэдэд толилуулах чиглэлээр хамтран ажиллах боломж, бололцооны талаар дэлгэрэнгүй санал солилцов. Др.Халид Сулайтигийн хувьд дээрх Монгол Улсыг таниулах эдгээр соёлын арга хэмжээнүүдийг КАТАРА соёлын сангийн театруудад зохион байгуулахад нээлттэйг онцлоод арга хэмжээнүүдийг үеэр Монголын аж ахуй, байгалийн тухай үзэсгэлэнг КАТАРА-гийн уран зургийн галерейд гаргах боломжтойг мэдэгдэж, арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсгийнхний уулзалтыг ойрын хугацаанд цахим хэлбэрээр зохион байгуулах саналыг гаргав.

Элчин сайд П.Сэргэлэн Катар Улсад хийсэн айлчлалынхаа хүрээнд Катарын Үндэсний хурлын төвд байрлах “Аль-Маяаса” театрын Худалдааны менежер Тамам Аль-Салми-тай уулзалт хийж, “Монгол хаан” жүжгийг тус театрт тоглуулах боломж, бололцооны талаар санал солилцов. Тамам Аль-Салми “Аль-Маяаса” театр нь 2,300 хүний суудалтай Катарын хамгийн том театр бөгөөд олон улсын стандартыг хангасан техник, төхөөрөмжөөр хангагдсан тухай мэдээлж, жүжгийг санал болгосон хугацаанд тоглуулах боломжтойг мэдэгдэв.