ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН КАТАР УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ ЁСЛОЛЫН ГАЗРЫН ЗАХИРАЛТАЙ УУЛЗЛАА
Монгол Улсаас Катар Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П.Сэргэлэн Катарын Гадаад хэргийн яамны Ёслолын газрын захирал Ибрахим Аль-Фахруу-тай 2024 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Катарын Гадаад хэргийн яаманд уулзав.
Элчин сайд П.Сэргэлэн өнгөрсөн онд томоохон айлчлалууд хэрэгжүүлсэн, “Welcome to Mongolia” арга хэмжээ болон Монгол, Катарын анхдугаар бизнес форумыг зохион байгуулсан, Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулсан зэргээр хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд томоохон ахиц, дэвшил гарсан үр дүнтэй он болж өнгөрснийг тэмдэглээд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Катарын Гадаад хэргийн яам тэр дундаа Ёслолын газар бүх талын дэмжлэг үзүүлэхээс гадна Катар Улсад ажиллах, уулзалт, арга хэмжээг түргэн шуурхай зохион байгуулж байдагт талархаж байдгаа илэрхийлэв.
Тэрээр цааш нь энэ удаагийн Катарт хийж буй айлчлалынхаа хүрээнд 2024 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй айлчлалын товыг тохирох мөн Катарын соёл, боловсрол, иргэний агаарын тээврийн салбарынхан болон Катарын сантай уулзалтууд хийхээр төлөвлөөд байгаа тул холбогдох уулзалтуудыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэхийг хүсэв.
Ибрахим Аль-Фахруу Элчин сайдын санаачилгатай, түргэн шуурхай ажилласны үр дүнд Монгол, Катарын харилцаа, хамтын ажиллагаа улам өргөжин хөгжиж байгааг тэмдэглээд Элчин сайдын хүсэлт гаргасан уулзалтууд, арга хэмжээг зохион байгуулахад бүх талын дэмжлэг үзүүлж хамтран ажиллахаа илэрхийлэв. Мөн энэ онд Монголоос ирэх айлчлалын товын тухайд хариуг холбогдох байгууллагаас авсныг мэдээлж, албан ёсны хариуг Элчин сайдын яамаар дамжуулан ноотоор өгөхөө мэдэгдлээ.