images

ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН “КАТАР ЭЙРВЭЙС” ЗҮҮН БҮС ХАРИУЦСАН ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ МАРВАН КОЛЕЙЛАТ -ТАЙ УУЛЗАЛТ ХИЙВ

Хэвлэлийн мэдээ

2024-02-14

86

Элчин сайд П.Сэргэлэн “Катар Эйрвэйс” компанийн Зүүн бүс хариуцсан дэд Ерөнхийлөгч Марван Колейлат-тай 2 дугаар сарын 14-ний өдөр уулзав. Уулзалтад Катар эйрвэйсийн карго тээвэр хариуцсан менежер Кашиф Ифтихар Хан, ЭСЯ-ны хоёрдугаар нарийн бичгийн дарга З.Даваажав нар оролцов.

Уулзалтын эхэнд Элчин сайд П.Сэргэлэн Монголын Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компани, Катарын Үндэсний агаарын тээвэрлэгч Катар Эйрвэйс компани хоорондын хамтын ажиллагаа идэвхитэй өрнөж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд Монголын агаарын хөлөг онгоцны нисгэгч, инженер, техникийн ажилтнууд, бүхээгийн ажилтнуудыг “Катар Эйрвэйс”-ийн шугамаар бэлтгэх, дадлагажуулахаар болсон мөн Монголоос Катар эйрвэйст ажиллах залуучуудыг сонгон шалгаруулж авсанд талархал илэрхийлэв.

Түүнчлэн, Элчин сайд Катар эйрвэйсийн Ерөнхий захирал асан Акбар Аль-Бакертай хийсэн уулзалтын үеэр хоёр орны хооронд шууд нислэг хийх асуудлын явцын талаар тодруулж мэдээлэл хүсэв.

Дэд Ерөнхийлөгч Марван Колейлат МИАТ-ын агаарын хөлөг онгоцны нисгэгч, инженер, техникийн ажилтнуудыг бэлтгэх, дадлагажуулах асуудлаар МИАТ-тай тогтмол холбоотой ажиллаж байгаа бөгөөд ойрын хугацаанд 30 бүхээгийн ажилтан, 24 нисгэгч, 3 инженер техникийн ажилтнуудыг Катарт хүлээн авч сургалтад хамруулахаар төлөвлөж байгааг мэдээлэв. Түүнчлэн, 2023 оны 10 дугаар сард бүхээгийн ажилтан шалгаруулах арга хэмжээг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулж, 12 залуусыг шалгаруулсан бөгөөд тэднийг 3 дугаар сард Дохад авчрахаар төлөвлөж байгааг мэдээлэв. Мөн 2024 онд дахин ижил төрлийн сонгон шалгаруулалт явуулахаа бөгөөд товын талаар Элчин сайдын яаманд албан ёсоор мэдэгдэхээ илэрхийлэв.

Монгол, Катарын хооронд шууд нислэг хийх асуудлаар холбогдох судалгааг хийхээс гадна шинэ нислэг нээхтэй холбогдуулан онгоцны хүрэлцээний судалгааг хийж байгааг мэдээлэв.

Элчин сайд П.Сэргэлэн Монгол Улсаас Катар болон Кувейт руу мах, махан бүтээгдэхүүн экспортлох асуудлын ерөнхийдөө эцэслэгдсэн бөгөөд махыг түргэх шуурхай экспортлох зорилгоор Катар эйрвэйсийн ачаа тээврийн онгоцыг ашиглан тээвэрлэх боломж, үнэ өртгийн талаар тодруулав.

Катар эйрвэйсийн Карго тээвэр хариуцсан менежер Кашиф Ифтихар Хан 100 тонныг зөөвөрлөх хүчин чадалтай ачаа тээврийн онгоцоор махыг Катар, тус улсаар дамжуулан Кувейт руу тээвэрлэх боломжтой талаар мэдээлж, үнийн судалгааг хийж ойрын хугацаанд ирүүлэхээ мэдэгдэв.