ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН КАТАР УЛСЫН ОЛИМПЫН ХОРООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН АЖЛЫН АЛБАНЫ ДАРГА САИД АЛЬ-ИДАТАЙ УУЛЗАЛТ ХИЙВ
Элчин сайд П.Сэргэлэн Катар Улсын Олимпын хорооны Ерөнхийлөгчийн ажлын албаны дарга Саид Аль-Идатай 2 дугаар сарын 12-ны өдөр уулзалт хийв.
Уулзалтын эхэнд Элчин сайд хоёр орны хооронд хийгдэж буй хамтын ажиллагааны талаар товч мэдээлэл өгсний дараагаар Монгол, Катарын спортын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар санал солилцов. Элчин сайд өмнөх уулзалтын үеэр харилцан тохиролцсоны дагуу монголын талаас хоёр орны Үндэсний Олимпын хороод хооронд хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичгийн төслийг хүргүүлсэн бөгөөд төслийн хариуг авах, цаашлаад төслийг эцэслэж, дээд өндөр түвшний айлчлалын үеэр санамж бичгийг байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
Саид Аль-Ида хоёр орны спортын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх Элчин сайдын саналыг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлээд хоёр орны Үндэсний Олимпын хороод хооронд байгуулах Хамтын ажиллагааны санамж бичгийн катарын талын хариу төслийг ойрын хугацаанд албан ёсоор хүргүүлж, эцэслэх чиглэлээр ажиллахаа мэдэгдэв.
Уулзалтын үеэр талууд ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй өндөр түвшний айлчлалын тов болон айлчлалтай холбоотой логистикийн асуудлаар санал солилцлоо.