images

ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН КАТАРЫН “ВИДАМ ФҮҮД” КОМПАНИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ АЛЬНУБАЙ САЛЕМ АЛЬ-МАРРИ-ТАЙ УУЛЗЛАА

Хэвлэлийн мэдээ

2024-02-13

91

2024 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Элчин сайд П.Сэргэлэн Катарын “Видам фүүд” компанийн Гүйцэтгэх захирал Альнубай Салем Аль-Марри уулзалт хийв.

Элчин сайд П.Сэргэлэн Монгол, Катарын хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах тэр дундаа Монголоос Катар цаашлаад Булангийн орнууд руу мах, махан бүтээгдэхүүн экспортлох зорилтыг тавин ажиллаж байгааг тэмдэглэв. Энэ ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Стандарт, хэмжилзүйн газар Булангийн хамтын ажиллагааны зөвлөлийн дэргэдэх Магадлан итгэмжлэлийн төвөөр Халал гэрчилгээ олгох магадлан итгэмжлэлээ хийлгэсэн бөгөөд Катарын Эрүүл мэндийн яаманд тус гэрчилгээг бүртгүүлэх ажил хэдийн эхлээд байгаа талаар мэдээлэл өгөв.

Бүртгэлийн ажил хийгдэж дууссаны дараагаар Монголоос Катар руу мах экспортлох бүрэн боломжтой болох бөгөөд Видам фүүд компанитай энэ чиглэлд харилцан ашигтай байдлаар хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Гүйцэтгэх захирал Альнубай Салем Аль-Марри “Видам Фүүд” компани нь Катарын хамгийн том мах импортлогч компани бөгөөд Австрали, Шинэ Зеланд, Өмнөд Африк болон дэлхийн бусад олон орноос сэрвээсэн болон хөлдөөсөн мах импортолдог тухай тэмдэглэв. Тэрээр Монголын мах органик, амт сайтай байдаг тухай сонсож байснаа дурдаад Катарын Эрүүл мэндийн яаманд Халал гэрчилгээгээ бүртгүүлсний дараа Монголын компаниудтай холбоо тогтоож, Монголын мах Катарын зах зээл дээр таниулах зорилгоор эхний ээлжид цөөн тоогоор сэрвээсэн мах импортлох сонирхолтой байгаагаа мэдээлэв. Түүнчлэн, Элчин сайд П.Сэргэлэнг хөдөө аж ахуйн салбарыг сайн мэдэх хүний хувьд найдвартай, удаан хугацаанд хамтран ажиллах Монголын талын түнш олж өгнө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Уулзалтын төгсгөлд талууд Катарт Монголоос мах импортлох, Катарын зах зээлд монголын махыг таниулах ажлыг ажил хэрэг болгох хүрээнд ойр дотно холбоотой ажиллахаар тохиролцлоо.