ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН КАТАР УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ АЗИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН ГАЗРЫН ЗАХИРАЛТАЙ УУЛЗЛАА
Элчин сайд П.Сэргэлэн Катар Улсын Гадаад хэргийн яамны Азийн асуудал хариуцсан газрын захирал Юсуф Султан Ларамтай 2 дугаар сарын 12-ны өдөр Катарын Гадаад хэргийн яаманд уулзалт хийв.
Уулзалтын эхэнд Элчин сайд П.Сэргэлэн 2023 онд Монгол, Катарын харилцаа, хамтын ажиллагаанд томоохон ахиц гарсан он байсныг онцлоод өнгөрсөн онд хэрэгжүүлсэн Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга, Монгол Улсын Зам, тээврийн хөгжил, Харилцаа холбоо, цахим хөгжил, Батлан хамгаалахын сайд нарын айлчлал салбар хоорондын хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой байсныг тэмдэглэв. Тэрээр Монголын Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компани болон Катар айрвайс компани хоорондын хамтын ажиллагаа идэвхжиж, МИАТ компанийн нисэгч, инженер, бүхээгийн ажилтнуудыг Катар айрвайсын шугамаар урт богино хугацааны сургалтад хамруулахаар болоод байгаа болон Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Стандарт, хэмжилзүйн газар Булангийн хамтын ажиллагааны зөвлөлийн дэргэдэх Магадлан итгэмжлэлийн төвөөр Халал гэрчилгээ олгох магадлан итгэмжлэлээ хийлгэсэн бөгөөд Катарын Эрүүл мэндийн яаманд тус гэрчилгээг бүртгүүлэх ажил хэдийн эхлээд байгаа талаар мэдээлэл өгөв. Гэрчилгээг бүртгүүлсний дараагаар Катар руу Монголоос мах экспорт хийх боломж бүрэн бүрдэх юм.
Элчин сайд П.Сэргэлэн харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр 2023 онд гаргасан амжилтууд дээр суурилан Бүх төрлийн паспорт эзэмшигчид визгүй зорчих хэлэлцээр болон бусад баримт бичгүүдийг 2024 ондоо багтан эцэслэн байгуулах, хоёр орны соёл, боловсрол, спортын салбарын хамтын ажиллагаа, хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, хоёр орны аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх чиглэлд түлхүү анхаарч ажиллана гэдгээ илэрхийлэв.
Түүнчлэн, өнгөрсөн оны 6 дугаар сард зохион байгуулагдсан Монгол, Катарын Гадаад хэргийн яамд хоорондын улс төрийн II зөвлөлдөх уулзалтын мөрөөр хэрэгжүүлэх ажлын хүрээнд Катарын талаас олгохоор шийдвэрлэсэн оюутны 5 тэтгэлэгт талархал илэрхийлээд илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг хүсэв.
Захирал Юсеф Султан Ларам хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг олон салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд Элчин сайд идэвх санаачлага гарган ажиллаж, бодит үр дүнд хүрч байгаад баяртай байгаагаа илэрхийлээд энэхүү харилцааг улам баяжуулан хөгжүүлэх боломж бололцоо байгаа гэдгийг тэмдэглэв. Мөн тэрээр Элчин сайдын санаачилсан Монгол Улс дотооддоо халал гэрчилгээ олгох ажил биеллээ олсонд баяр хүргээд Катарын Эрүүл мэндийн яаманд гэрчилгээг түргэн шуурхай бүртгүүлэхэд Гадаад хэргийн яамны зүгээс холбогдох дэмжлэгийг үзүүлж ажиллахаа мэдэгдэв. Түүнчлэн, хоёр орны хооронд байгуулахаар яригдаж буй баримт бичгүүдийг ойрын хугацаанд эцэслэж дээд өндөр түвшний айлчлалын үеэр байгуулахаар ажиллана гэдгээ илэрхийлэв.
Азийн газрын захирал Юсеф Ларам Катар Улс цаашид улс орнуудтай эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэхийг зорьж байгаа бөгөөд Монголын зүгээс хөрөнгө оруулалтын томоохон, төсөл хөтөлбөр тавьсан тохиолдолд Катарын Хөрөнгө оруулалтын газар судалж үзэхэд бэлэн байгааг нотлов.
Уулзалтын хүрээнд Элчин сайд Монгол Улсад зохион байгуулагддаг “Хааны Эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургууль болон Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хуралд Катар Улсыг оролцох урилгыг тус тус гардууллаа.
Уулзалтын төгсгөлд талууд хоёр орны аялал жуулчлал, соёлын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж бололцооны талаар дэлгэрэнгүй санал солилцохоос гадна ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй томоохон айлчлал, арга хэмжээг зохион байгуулах асуудлаар ярилцаж, энэ асуудлаар түргэн, шуурхай холбоотой ажиллахаар тохиролцлоо.