Элчин сайд П.Сэргэлэн 1 дүгээр сарын 25-ны өдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэнтэй уулзалт хийв.
Уулзалтын эхэнд Элчин сайд П.Сэргэлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөн, Монгол Улсын Засгийн газрын экспортыг дэмжих бодлогын хүрээнд Монгол Улсаас Кувейт Улс цаашлаад Булангийн орнууд руу мах, махан бүтээгдэхүүн экспортлох хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилтын хүрээнд Исламын орнуудад мах экспортлоход тавигддаг гол шаардлага болох Халал гэрчилгээг Монгол Улсад олгодог болох чиглэлээр ажилласны дүнд Стандарт хэмжилзүйн газрыг Булангийн хамтын ажиллагааны зөвлөлийн дэргэдэх магадлан итгэмжлэлийн төвөөр итгэмжлүүлж, улмаар Кувейтийн Засгийн газар Монголоос мах импортлох хоригийг арилгасан бөгөөд Кувейтийн компаниуд ойрын хугацаанд Монголоос мах худалдан авахаар төлөвлөж байгаа талаар товч мэдээлэл өгөв.
Тэрээр цааш нь Булангийн орнууд руу махны экспортыг эхлүүлэх асуудлаар яамны зүгээс бодлогын дэмжлэг үзүүлэх, мэргэжлийн байгууллагын хувьд махны экспортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн аж ахуйн нэгж, компаниудад холбогдох заавар, зөвлөгөөг өгч ажиллахыг хүсэв.
Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Монголоос Кувейт цаашлаад Булангийн орнууд руу мах, махан бүтээгдэхүүн экспортлох ажлыг эхлүүлэхээр Элчин сайд өндөр санаачилга гарган идэвхтэй ажиллаж байгааг яамны зүгээс өндрөөр үнэлж буйгаа илэрхийлээд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Монголоос Кувейт болон булангийн орнууд руу мах, махан бүтээгдэхүүнийг холбогдох стандарт, хууль журмын хүрээнд ойрын хугацаанд экспортолж эхлэх асуудлаар Элчин сайд болон Элчин сайдын яамтай нягт холбоотой байж, бүх талын дэмжлэг үзүүлж ажиллахаа нотлов.
Уулзалтын төгсгөлд Элчин сайд П.Сэргэлэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамыг Мал эмнэлгийн ерөнхий газар, Стандарт хэмжилзүйн газар зэрэг мэргэжлийн байгууллагуудаа нэгдсэн бодлогоор хангаж, Монголоос Булангийн орнууд руу экспортод гаргах мах, махан бүтээгдэхүүний чанар, стандарт, эрүүл ахуйн шаардлагад онцгой анхаарал хандуулж орчин үеийн техник, технологийн дэвшлийн тусламжтайгаар үнэн, бодит дүгнэлт гаргахад анхаарч ажиллахыг хүсэв.