images

Элчин сайд П.Сэргэлэн Мал эмнэлгийн ерөнхий газрын удирдлагатай уулзав.

Хэвлэлийн мэдээ

2024-01-23

85

Элчин сайд П.Сэргэлэн 1 дүгээр сарын 23-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Мал эмнэлгийн Ерөнхий газрын дарга бөгөөд Монгол Улсын Ерөнхий малын эмч А.Нарантуяатай уулзалт хийв. Уулзалтад Мал эмнэлгийн эрүүл, ахуй баталгаажуулалтын газрын дарга Б. Батсүх оролцов.

Уулзалтын эхэнд Элчин сайд П.Сэргэлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөн, Монгол Улсын Засгийн газрын экспортыг дэмжих бодлогын хүрээнд Монгол Улсаас Кувейт Улс цаашлаад Булангийн орнууд руу мах, махан бүтээгдэхүүн экспортлох хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилтын хүрээнд Исламын орнуудад мах экспортлоход тавигддаг гол шаардлага болох Халал гэрчилгээг Монгол Улсад олгодог болох чиглэлээр ажилласны дүнд Стандарт хэмжилзүйн газрыг Булангийн хамтын ажиллагааны зөвлөлийн дэргэдэх магадлан итгэмжлэлийн төвөөр итгэмжлүүлж, улмаар Кувейтийн Засгийн газар Монголоос мах импортлох хоригийг арилгасан бөгөөд Кувейтийн компаниуд ойрын хугацаанд Монголоос мах худалдан авахаар төлөвлөж байгаа талаар товч мэдээлэл өгөв.

Тэрээр цааш нь Монголоос Кувейт Улс руу мах экспортлоход шаардлагатай суугаа орны хил, гааль, хорио цээр, эрүүл ахуйн, Кувейтийн мал, амьтны олон улсын эмнэлгийн гэрчилгээний шаардлагуудын талаар танилцуулж, холбогдох асуудлаар санал солилцлоо.

Мал эмнэлгийн Ерөнхий газрын дарга А.Нарантуяагийн хувьд Элчин сайдын санаачлан хэрэгжүүлж буй ажлыг өндрөөр үнэлж буйгаа илэрхийлээд тус байгууллагын зүгээс бүх талаар дэмжлэг үзүүлж ажиллахаа нотлов. Тэрээр цааш нь Монгол Улсаас Кувейт Улс руу экспортлох хонь, ямааны мах, махан бүтээгдэхүүн болон дайвар бүтээгдэхүүний шаардлага, нөхцөл, олон улсын мал эмнэлгийн гэрчилгээний загварыг кувейтийн талд хүргүүлж, баталгаажуулах хүсэлт бүхий албан тоотыг Элчин сайдад гардуулж, энэ асуудалд дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ.

Уулзалтын төгсгөлд талууд Монголоос Кувейт Улс руу мах, махан бүтээгдэхүүнийг холбогдох стандарт, хууль журмын хүрээнд ойрын хугацаанд экспортолж эхлэх асуудлаар нягт, шуурхай хамтран ажиллахаар тохиролцлоо.