Элчин сайд П.Сэргэлэн Үндэсний ассамблейн гишүүн, Үндэсний ассамблей дахь Кувейт, Монголын парламентын бүлгийн дарга Мухаммад Хаиф Аль-Мутайритай 1 дүгээр сарын 17-ны өдөр уулзалт хийв.
Уулзалтын эхэнд Элчин сайд П.Сэргэлэн Мухаммад Хаиф Аль-Мутайритай Үндэсний ассамблей дахь Кувейт, Монголын парламентын бүлгийн даргаар томилогдсонд баяр хүргээд Монгол орны тухай ерөнхий мэдээлэл болоод хоёр орны харилцааны өнөөгийн байдал, Элчин сайдаар томилогдон ирснээс хойш эдийн засаг, хөрөнгө оруулалт, худалдаа, махны экспорт, соёл, аялал жуулчлалын чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажил, ирэх онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг угтан хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудын талаар товч танилцуулав.
Мухаммад Хаиф Аль-Мутайри Элчин сайдад хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар мэдээлэл өгсөнд талархал илэрхийлээд хоёр орны уламжлалт найрсаг сайн харилцаа, хамтын ажиллагааг цаашид бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд Үндэсний ассамблейн гишүүний хүрээнд бүх талын дэмжлэгийг үзүүлж ажиллахаа илэрхийлэв.
Түүнчлэн талууд Монгол, Кувейтийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хууль тогтоох байгууллагуудын харилцаа чухал үүрэгтэй болохыг онцлоод Монгол Улсын Их хурлын гишүүн бөгөөд УИХ дахь Монгол, Кувейтийн парламентын бүлгийн дарга Ц.Анандбазар тэргүүтэй төлөөлөгчдийн Кувейт Улсад хийх айлчлалын асуудлаар санал солилцож, товыг тохиров.
Уулзалтын төгсгөлд талууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахын төлөө ойр дотно, нягт холбоотой хамтран ажиллахаа нотлов.