Элчин сайд П.Сэргэлэн “The Times Kuwait” агентлагийн редактор Рийван Д’Суза-г 12 дугаар сарын 27-ны өдөр Элчин сайдын яаманд хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд Элчин сайд П.Сэргэлэн 2023 онд Монгол Улсын түүх, соёл, ёс заншил, бараа бүтээгдэхүүн, зах зээлийг Кувейт Улсад сурталчлан таниулах чиглэлээр ЭСЯ-ны зүгээс зохион байгуулсан томоохон ажил, арга хэмжээний талаар товч танилцуулаад “The Times Kuwait” -аас эрхлэн гаргадаг сонины дугаарт ЭСЯ-ны 2023 онд зохион байгуулсан арга хэмжээ, үйл ажиллагааны талаар нийтлэл гаргах, цаашлаад тус агентлагтай хамтран Монголыг Кувейтийн ард түмэнд сурталчлан таниулах санал тавив.
Рийван Д’Суза “The Times Kuwait” нь мэдээг цахим хэлбэрээр өдөр тутам, хэвлэмэл хэлбэрээр 7 хоног бүр гаргадаг бөгөөд мэдээллийн тоо ширхэгт бус чанар, агуулгад гол ач холбогдлоо өгдөг гэдгийг онцлоод Монгол Улсын ЭСЯ-ны үйл ажиллагааны талаар нийтлэл гаргах, Элчин сайдаас ярилцлагыг нийтлэн гаргахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Мөн цаашид Монгол Улсын талаарх нийтлэлийг араб, англи хэл дээр вебсайт дээр болон хэвлэмэл хуудас дээр гаргаж, хамтран ажиллах Элчин сайдын саналыг бүрэн дэмжиж ажиллахад бэлэн гэдгээ мэдэгдэв.
Уулзалтын төгсгөлд талууд 2024 онд хамтын ажиллагааны гэрээ байгуулж, Монгол Улсыг сурталчлах, Монгол - Кувейтийн аялал жуулчлалыг дэмжих чиглэлд хамтран ажиллахаар тохиролцлоо.
“The Times Kuwait” агентлаг нь 1996 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Кувейт Улсад англи хэл дээр мэдээ гаргадаг анхны албан ёсны зөвшөөрөлтэй агентлаг юм. Тус агентлагийн цахим хуудаснаас сард нийт 500,000 орчим хэрэглэгч мэдээлэл авдаг статистик байдаг.