МЭДЭЭЛЭЛ
Монгол Улсын Стандарт, хэмжилзүйн газар Булангийн хамтын ажиллагааны зөвлөлийн дэргэдэх Магадлан итгэмжлэлийн төвөөр Халал гэрчилгээ олгох магадлан итгэмжлэлээ хийлгэж, гэрчилгээгээ гардан авлаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөн, Монгол Улсын Засгийн газрын экспортыг дэмжих бодлогын хүрээнд Монгол Улсаас Кувейт Улс цаашлаад Булангийн орнууд руу мах, махан бүтээгдэхүүн экспортлох хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилтыг тавин тус Элчин сайдын яам 2023 онд ажиллалаа. Энэ хүрээнд Исламын шашинт орнууд руу махны экспорт хийхэд тавигддаг хамгийн чухал шаардлага болох Халал гэрчилгээг Монгол Улсад олгодог болох чиглэлээр тус Элчин сайдын яам санаачилга гарган Монгол Улсын Стандарт, хэмжилзүйн газрын нэр дээр Халал гэрчилгээг олгох магадлан итгэмжлэлийг хийлгүүлэхээр Булангийн хамтын ажиллагааны зөвлөлийн дэргэдэх Магадлан итгэмжлэлийн төв, Монгол Улсын Гадаад харилцааны яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага (UNIDO Mongolia)- тай жил орчмын хугацаанд хамтран ажиллав.
Үүний үр дүнд Монгол Улсын Стандарт, хэмжилзүйн газар Булангийн хамтын ажиллагааны зөвлөлийн дэргэдэх Магадлан итгэмжлэлийн төвөөс Халал гэрчилгээ олгох магадлан итгэмжлэл олгож буйгаа өнөөдөр буюу 12 дугаар сарын 20-ны өдөр албан ёсоор мэдэгдэж холбогдох, гэрчилгээгээ гардууллаа. Тус гэрчилгээ нь 2023-2027 оны хугацаанд хүчинтэй бөгөөд цаашид дахин сунгагдах боломжтой юм.
Ингэснээр Монгол Улсын Стандарт, хэмжилзүйн газраар баталгаажсан, халал стандартыг хангасан Монгол мах, махан бүтээгдэхүүн Булангийн болон Араб, Исламын орнууд руу экспортлох үүд хаалга манай хувийн аж ахуйн нэгж, компаниудад нээлттэй болж байна.
Кувейтийн мах импортлогчид Монголд 11 дүгээр сард ажиллаж, Монголын аж ахуйн нэгжүүдтэй уулзалт хийн махны үйлдвэрүүдтэй танилцсаны дараагаар худалдан авах, нийлүүлэх гэрээгээ байгуулсан. Эхний ээлжийн экспорт 2024 оны эхний улиралд багтан хийгдэх төлөвтэй байна.