images

МЭДЭЭЛЭЛ

Хэвлэлийн мэдээ

2023-12-15

93

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөн, Монгол Улсын Засгийн газрын экспортыг дэмжих, эдийн засгийг солонгоруулах бодлогын хүрээнд Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Элчин сайдын яам Булангийн орнууд цаашлаад Арабын орнууд руу мах экспортлох чиглэлээр сүүлийн нэг жилийн хугацаанд ажилласны үр дүн гарч эхэллээ.

Тус ЭСЯ-ны санаачилгаар Булангийн хамтын ажиллагааны зөвлөлийн Магадлан итгэмжлэлийн төвөөс Стандарт хэмжилзүйн газрын нэр дээр Халал гэрчилгээ олгох магадлан итгэмжлэл хийлгэх ажлыг эхлүүлсэн бөгөөд бичиг цаасны ажил дууссаны дараагаар тус байгууллагын ажлын хэсэг Монголд 11 дүгээр сард ажиллаж, холбогдох шалгалтуудыг хийсний дараагаар магадлан итгэмжлэлийг олгоход татгалзахгүй зүйл байхгүй гэдгээ мэдэгдсэн билээ. Булангийн хамтын ажиллагааны зөвлөлийн Магадлан итгэмжлэлийн төвийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал 12 дугаар сардаа багтан хуралдаж, Стандарт хэмжил зүйн газарт Халал гэрчилгээ олгох магадлан итгэмжлэлийг хийхээр болсноо мэдэгдээд байна.

Энэхүү халал гэрчилгээ олгох магадлан итгэмжлэлийг авснаар Монголоос Булангийн орнууд буюу Кувейт, Катар, Бахрейн, Саудын Араб, Эмират, Оман руу мах экспортлох хууль, эрхзүйн бүрэн орчин бүрдэх юм.

Мөн тус ЭСЯ-ны зүгээс Кувейт Улсын Хүнс, тэжээлийн ерөнхий газар (Public Auhtority for Food and Nutrition)-тай Кувейтэд Монголоос мах импортлох хоригийг цуцлуулах чиглэлээр ажилласны дүнд тус байгууллагын зүгээс хонь, үхэр, ямааны мах Монголоос импортлох хоригийг цуцлах шийдвэрийг гаргасан тухай Кувейт Улсын Гадаад хэргийн яамнаас мэдээллээ.

Ингэснээр Монгол Улсын Стандарт, хэмжилзүйн газрын Халал гэрчилгээний баталгаатай Монгол махыг Кувейт Улс руу экспорт хийх үүд хаалга манай мах экспортлогч аж ахуйн нэгж, компаниудад бүрэн нээлттэй болоод байна.

Кувейтийн мах импортлогчид Монголд 11 дүгээр сард ажиллаж, Монголын аж ахуйн нэгжүүдтэй уулзалт хийн махны үйлдвэрүүдтэй танилцсаны дараагаар худалдан авах, нийлүүлэх гэрээг байгуулсан. Эхний ээлжийн экспортыг 2024 оны эхний улиралд багтаан эхлүүлэхээр төлөвлөж байна.