Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Катар Улсад албан ёсны айлчлал хийв.
Айлчлалын бүрэлдэхүүнд Монгол Улсаас Катар Улсад Эль-Кувейт хотоос хавсран суугаа Элчин сайд П.Сэргэлэн, БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, хурандаа Т.Наранхүү, ЗХЖШ-ын Сургалт, бэлтгэлийн газрын дарга, бригадын генерал Б.Болор, ЗХЖШ-ын Бодлого, стратегийн газрын дарга, хурандаа С.Ванчинхүү, ЭСЯ-ны II нарийн бичгийн дарга З.Даваажав нар багтав.
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Катар Улсын Шадар сайд бөгөөд Батлан хамгаалахын асуудал хариуцсан Төрийн сайд Др. Халид бин Мухаммад Аль-Аттияа-тай 12 дугаар сарын 11-ний өдөр хоёр талын уулзалт хийв. Уулзалтаар талууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа нэн ялангуяа батлан хамгаалах салбар хоорондын хамтын ажиллагаа дипломат харилцаа тогтоосноос хойшхи 25 жилийн хугацаанд эрчимтэй өргөжиж ирснийг тэмдэглээд энэхүү хамтын ажиллагааны цар хүрээг тэлэх зорилгоор Батлан хамгаалах яамд хооронд хамтран ажиллах тухай хэлэлцээр байгуулахын чухлыг онцолж, хэлэлцээрийн төслийг ойрын хугацаанд эцэслэж, гарын үсэг зурахаар тохиролцов.
Түүнчлэн талууд “Хааны эрэлд”, “Шийдэмгийн шийдэл” зэрэг хоёр орны хамтарсан цэргийн болон хээрийн дадлага, сургалтуудын оролцоо, үр дүнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд энэхүү уламжлалаа хадгалах, цаашид улам төрөлжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Мөн, Монгол цэргүүдийг араб хэл сургах, цаашлаад Катарын цэргийн коллеж, академид бакалавр, магистр, докторын хөтөлбөрт тэтгэлэгтэйгээр суралцуулах, харилцан багш, оюутан солилцох чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.
Айлчлалын хүрээнд Г.Сайханбаяр сайд Катар Улсын Ахмад бин Мухаммадын цэргийн коллеж, Жоаан бин Жассимын цэргийн академийн үйл ажиллагаатай танилцахаас гадна Катарын Исламын музей, Үндэсний музейг үзэж сонирхов.