МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ, КУВЕЙТ УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ЯАМ ХООРОНДЫН УЛС ТӨРИЙН III ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Монгол Улсын Гадаад харилцааны яам, Кувейт Улсын Гадаад хэргийн яам хоорондын Улс төрийн III зөвлөлдөх уулзалтыг 12 дугаар сарын 5-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулав.
Зөвлөлдөх уулзалтыг ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, Кувейт Улсын ГХЯ-ны Азийн асуудал хариуцсан Туслах сайд Самех Исса Жохар Хаяат нар тэргүүлж, Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Элчин сайд П.Сэргэлэн, Кувейт Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Мухаммад Аль-Мутайри болон хоёр орны ГХЯ, ЭСЯ-ны төлөөлөл оролцов.
Уулзалтаар хоёр тал дээд, өндөр түвшний айлчлалын давтамжийг хадгалах, хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, энэ хүрээнд Парламентын гишүүдийн харилцан айлчлуулах, Монгол, Кувейтийн Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдааныг зохион байгуулах асуудлыг хөндөхийн сацуу Монгол, Кувейтийн улс төр, нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, бүс нутаг болон олон улсын харилцааны харилцан сонирхсон асуудлаар ярилцав.
Талууд хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх тэр дундаа Монгол Улс Халал гэрчилгээ олгох магадлан итгэмжлэлийг Булангийн хамтын ажиллагааны зөвлөлийн Магадлан итгэмжлэлийн төвөөр ойрын хугацаанд хийлгэж дуусаж байгаатай холбогдуулан Монголоос Кувейт руу мах, махан бүтээгдэхүүн экспортлоход хоёр орны хувийн аж ахуйн нэгж, байгууллагуудад холбогдох дэмжлэгийг үзүүлж ажиллахаар тохиролцов.
Түүнчлэн, хоёр орны аялал жуулчлал, соёл, спорт болон бусад салбар дахь хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд аль аль талаасаа анхаарч ажиллах шаардлагатайг онцолж, эдгээр салбарт хамтран ажиллах баримт бичгүүдийг эцэслэн тохиролцохоос гадна иргэд хоорондын харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх хүрээнд хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн үндсийг бүрдүүлэх Агаарын харилцааны тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр болон Монгол, Кувейтийн харилцааны түвшинг “Өргөн хүрээтэй түншлэл”-д хүргэх хамтын ажиллагааны замын зураглал зэрэг баримт бичгүүдийг ойрын хугацаанд байгуулахаар тохиров.
Талууд Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн буцалтгүй тусламжаар хэрэгжүүлсэн Түлэнхийн төв болон тус сангийн шугамаар хэрэгжиж буй Өндөрхааны нисэх онгоцны буудлыг шинэчлэх төслийн явцын талаар ярилцахын сацуу Монгол Улсын нийгэм, эдийн засагт нэн шаардлагатай дэд бүтцийн болон хүмүүнлэгийн шинэ төслийг эхлүүлэх нь зүйтэй гэдгийг санал нэгтэй тэмдэглэв.
Манай хоёр улс НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж ирсэн арвин туршлагатай бөгөөд цаашид ч энэ чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэн бэхжүүлэхийн төлөө байгаагаа харилцан нотлов.
Уулзалтын төгсгөлд талууд уулзалтын хүрээнд яригдсан зүйлсийг ажил хэрэг болгохын төлөө бүхий л хичээл чармайлт гаргаж ажиллахаа илэрхийллээ.