images

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, ЦАХИМ ХӨГЖИЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЙД Н.УЧРАЛ “АЛЬ ЖАЗИРА” ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН СҮЛЖЭЭНИЙ ЕРӨНХИЙ ЗАХИРАЛТАЙ УУЛЗАВ

Хэвлэлийн мэдээ

2023-11-18

79

Монгол Улсын Их урлын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал “Аль Жазира” хэвлэл, мэдээллийн сүлжээний Ерөнхий захирал Мустафа Суагтай уулзалт хийв.

Уулзалтын хүрээнд Н.Учрал сайд Монголын хэвлэл, мэдээллийн салбарын хөгжлийн талаар товч танилцуулаад Монголын хэвлэл, мэдээллийн байгууллага “Аль Жазира” хооронд хамтын ажиллагаа эхлүүлэх, тэр дундаа хэвлэл, мэдээллийн ажилтнуудыг харилцан солилцож, туршлага хуваалцах, хэвлэл, мэдээллийн салбарын төлөөлөгчдийг бэлтгэх, чадавхжуулах, контент харилцан солилцох зэрэг асуудлуудыг хөндөж ярилцав.

Ерөнхий захирал Мустафа Суаг “Аль Жазира” нь Ойрхи Дорнод, Хойд Африкийн хамгийн том хэвлэл, мэдээллийн агентлаг бөгөөд Дохад байрладаг хэдий ч Катарын Засгийн газраас хараат бус үйл ажиллагаа явуулдаг бөгөөд олон улсад болж буй нөхцөл байдлыг тэнцвэртэйгээр мэдээлдэг тухай тэмдэглэв.

Тэрээр Монголын хэвлэл, мэдээллийн салбарын ажилтнуудыг “Аль Жазира”-гийн институтэд урт, богино хугацааны сургалтуудад хамруулах, мөн тус институтээс Монгол Улсад мэргэжлийн баг ажиллуулж, сургалт зохион байгуулах боломжтойг тэмдэглэв. Мөн хамтарсан кино, баримтат кино нэн ялангуяа Монголын соёл, нүүдэлчдийн аж ахуйн тухай контент бэлтгэх асуудлаар хамтарч ажиллах боломжтойг мэдээлэв. Мөн Монгол Улсад болж буй томоохон үйл явдлыг очиж, сурвалжилга хийх замаар Монголын сурталчлах боломжтойг мэдээлэв.

Уулзалтын төгсгөлд Н.Учрал сайд Аль-Жазийра сүлжээний араб хэл дээр 24 цагийн нэвтрүүлэг бэлтгэдэг “Аль-Жазийра мубашир” сувгийн үйл ажиллагаатай танилцав.