ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН КУВЕЙТИЙН ИХ СУРГУУЛИЙН ЗАХИРАЛТАЙ УУЛЗАЛТ ХИЙВ
Элчин сайд П.Сэргэлэн 11 дүгээр сарын 8-ны өдөр Кувейтийн Их сургуулийн Захирал Др. Мешари Лафи Харби-тай уулзалт хийв.
Уулзалтын эхэнд Элчин сайд П.Сэргэлэн Др. Мешари Лафи Харбиг Кувейтийн Их сургуулийн захирлын хариуцлагатай албанд томилогдсонд баяр хүргээд хоёр орны боловсролын салбарын хамтын ажиллагаа, Их сургууль хоорондын хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов.
Тэрээр Монгол Улсын Их сургууль Кувейтийн Их сургуультай хамтран багш, судлаач, оюутан солилцоо явуулах, хамтарсан сургалт, судалгааны төслүүд дээр ажиллах, шилдэг залуу эрдэмтэн судлаачдад зориулсан хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлж, Харилцан ойлголцлын санамж бичгийн төслөө хүргүүлээд байгааг дурдаад энэхүү Санамж бичгийг ойрын хугацаанд байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
Мөн, Кувейтийн Их сургуулийн Араб хэлний бэлтгэлд Монголын 2 оюутныг жил бүр тэтгэлгээр сургаж байгаад талархал илэрхийлээд энэхүү тоон нэмэгдүүлэх, цаашлаад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөртэй уялдуулан Монголын оюутнуудыг Кувейтийн Их сургуульд газрын тос, мэдээллийн технологи, бизнесийн удирдлага болон бусад чиглэлээр Кувейтийн Засгийн газрын тэтгэлгээр суралцуулах боломжийг судалж үзэхийг хүсэв.
Др. Мешари Лафи Харби Кувейтийн Их сургуулийн бодлого, үйл ажиллагааны талаар товч танилцуулсны дараагаар Кувейтийн Их сургууль, Монгол Улсын Их сургууль хооронд багш, судлаач харилцан солилцох, хамтарсан семинар арга хэмжээ зохион байгуулах зэргээр хамтран ажиллахыг дэмжиж байгаагаа илэрхийлээд Санамж бичгийн төслийн хариуг ойрын хугацаанд хүргүүлж, Санамж бичгийг байгуулахаар нотлов. Түүнчлэн, араб хэлний бэлтгэлд суралцах Монгол оюунуудын тоог нэмэгдүүлэх, Кувейтийн Их сургуульд бакалаврын тэтгэлгээр сургах асуудлыг холбогдох байгууллагуудтай зөвлөлдөж, нааштайгаар шийдвэрлэх чиглэлээр ажиллахаа илэрхийлэв.
Кувейтийн Их сургууль нь 1966 онд байгуулагдсан, Кувейт Улсын ууган сургууль юм. Тус сургууль нь 16 факультет, 2000 орчим ажилтантай бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 43,000 орчим оюутан тус Их сургуульд суралцаж байна.