images

ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН КАТАРЫН “ХАССАД ФҮҮД” ТӨРИЙН ӨМЧИТ ХҮНСНИЙ КОМПАНИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ АЛИ ХИЛАЛ АЛЬ-КУВАРИТАЙ УУЛЗЛАА

Хэвлэлийн мэдээ

2023-11-07

75

2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Элчин сайд П.Сэргэлэн Катарын “Хассад фүүд” төрийн өмчит компанийн Гүйцэтгэх захирал Али Хилал Аль-Куваритай уулзалт хийв.

Элчин сайд П.Сэргэлэн Монгол Улс Катар Улстай 1998 онд дипломат харилцаа тогтоосноос хойш улс төрийн найрсаг сайн харилцаатай явж ирснийг уулзалтын эхэнд онцлоод энэхүү харилцаанд тулгуурлан худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, нэн ялангуяа Катар цаашлаад Булангийн орнууд руу хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнүүд, хүнсний бүтээгдэхүүнүүд, мах, махан бүтээгдэхүүн экспортлох зорилтыг тавин ажиллаж байгааг тэмдэглэв. Дээрх ажлын хүрээнд Монгол, Катарын анхдугаар бизнес форумыг Доха хотноо энэ оны 3 дугаар сард амжилттай зохион байгуулснаас гадна хоёр орны хооронд Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулж, ирэх оноос Монгол, Катарын хооронд шууд нислэг үйлдэх боломжийг бүрдүүлсэн, мөн бүх төрлийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх хэлэлцээрийг эцэслэн тохироод байгаа тухай мэдээлэв.

Элчин сайдын хувьд Булангийн болон Исламын шашинт орнууд руу хүнсний бүтээгдэхүүн экспорт хийхэд хамгийн түрүүнд тавигддаг Халал гэрчилгээний шаардлагын хүрээнд тус гэрчилгээг Монгол Улсад олгодог болох чиглэлээр Стандарт, хэмжилзүйн газар Булангийн хамтын ажиллагааны зөвлөлийн дэргэдэх Магадлан итгэмжлэлийн төвтэй хамтарч ажиллаж байгаа бөгөөд тус төвийн хяналт шинжилгээний баг Монгол Улсад ажиллаж, ойрын хугацаанд магадлан итгэмжлэлийг олгохоор болсон талаар мэдээлэл өгөөд халал гэрчилгээг Монголд олгож эхэлсний дараагаар Катар руу мах, махан бүтээгдэхүүн экспортлох чиглэлээр "Хассад фүүд" компанитай харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. .

Гүйцэтгэх захирал Али Хилал Аль-Кувари "Хассад фүүд" компани хөдөө аж ахуйн томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх замаар улс орнуудтай хамтран ажиллаж ирснийг онцлоод Эмирээс өгсөн чиглэлийн дагуу энэ жилээс дотоодын хөдөө аж ахуйн салбарт түлхүү хөрөнгө оруулалт хийх замаар төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгааг тэмдэглэв. Монголоос албан ёсоор хөдөө аж ахуйн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх санал ирүүлсэн тохиолдолд хамтран ажиллах боломжийг судалж үзэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.

Мөн тэрээр Монгол Улс Катар Улс хооронд иргэд харилцан визгүй зорчихоос гадна шууд нислэг хийгдэж эхэлснээр хоёр орны бизнесийн хамтын ажиллагаа хөгжихөд бодит хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд махны худалдан авалт, борлуулалтыг “Видам фүүд” компани хариуцан явуулдаг тул тус компанийн удирдлагатай уулзалт хийж, Монголоос мах, махан бүтээгдэхүүний импортын хамтын ажиллагааны асуудлаар ярилцахыг зөвлөлөө.