ЭЛЧИН П.СЭРГЭЛЭН КУВЕЙТИЙН ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙН ЧУУЛГАНЫ НЭЭЛТЭД ОРОЛЦОВ
Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Элчин сайд П.Сэргэлэн 10 дугаар сарын 31-ний өдөр Кувейт Улсын 17 дахь удаагийн Үндэсний ассамблейн хоёрдугаар ээлжит чуулганы нээлтэд оролцов. Тус чуулганыг нээж, Кувейт Улсын Хунтайж Шейх Мишаль Аль-Ахмад Аль-Сабах үг хэлэв. Тэрээр хэлсэн үгэндээ Үндэсний ассамблей болон Засгийн газрын гишүүдийг хамтын ажиллагаа, зөвшилцөлд тулгуурласан шинэ хуудсыг нээж, зорилгодоо хүрэх, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, үйлдлийг үгнээс чухалчлан ажиллахыг санууллаа. Түүнчлэн, Хунтайж Шейх Мишаль бүс нутагт өрнөж буй үйл явдал болон Иракийн Дээд шүүхээс гаргасан шийдвэрийн талаарх Кувейт Улсын байр суурийг илэрхийлж, үг хэлэв.
Чуулганы нээлтэд Үндэсний ассамблейн дарга Ахмад Саадун, Ерөнхий сайд Шейх Ахмад Наваф Аль-Сабах, Засгийн газрын гишүүд, Үндэсний ассамблейн гишүүд, Кувейт Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нар болоод Кувейтийн иргэдийн төлөөлөл оролцов.