ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН КАТАР УЛСЫН ОЛИМПЫН ХОРООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН АЖЛЫН АЛБАНЫ ДАРГА САИД АЛЬ-ИДАТАЙ УУЛЗАЛТ ХИЙВ
Элчин сайд П.Сэргэлэн Катар Улсын Олимпын хорооны Ерөнхийлөгчийн ажлын албаны дарга Саид Аль-Идатай 10 дугаар сарын 19-ний өдөр уулзалт хийв.
Уулзалтын эхэнд Элчин сайд хоёр орны хооронд хийгдэж буй хамтын ажиллагааны талаар товч мэдээлэл өгсний дараагаар Монгол, Катарын хооронд спортын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцов. Элчин сайдын зүгээс спорт бол хүн төрөлхтнийг нас хүйс, шашин шүтлэг, үзэл бодол, үндэс угсаа харгалзахгүй нэгтгэж чаддаг зүйл гэдгийг онцлоод энэ салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, Үндэсний Олимпын хороод хооронд хамтран ажиллах Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулах, тамирчид хооронд хамтарсан бэлтгэл хийх, туршлага солилцох зэрэг асуудлаар ярилцав. Мөн Катарын Олимпын академийн Ерөнхийлөгч Халил Аль-Жабер Монгол Улсад айлчилж, Зүүн Азийн хүүхдийн наадмын нээлтийн арга хэмжээнд Катар Олимпын хороог төлөөлөн оролцсонд талархал илэрхийлээд Элчин сайдын яамны зүгээс холбогдох дэмжлэгийг үзүүлж ажилласныг дурдав.
Түүнчлэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатар Катар Улсын Олимпын хорооны Ерөнхийлөгч Шейх Жоаан бин Хамад Аль- Тани нарын 3 дугаар сард Доха хотноо хийсэн уулзалтын үеэр яригдсан Монгол Улсад спортын бэлтгэлийн төв барих төслийг ажил хэрэг болгон хамтран хэрэгжүүлэх саналтай байгаагаа илэрхийлэв.
Саид Аль-Ида хоёр орны спортын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, Олимпын хороод хооронд Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах Элчин сайдын саналыг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлээд Санамж бичгийн төслийг ойрын хугацаанд ирүүлэх хүсэлтийг тавив. Түүнчлэн, Халил Аль-Жаберыг Монгол Улсад зорчих логистикийн асуудалд Элчин сайдын зүгээс холбогдох дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлэв.
Мөн Шейх Жоаан бин Хамад Аль-Тани болон ЕТГ-ын дарга Я.Содбаатар нарын уулзалтын хүрээнд яригдсан төслийг холбогдох байгууллагууд руу хүргүүлж, ойрын хугацаанд хариу авахаар ажиллаж байгаа бөгөөд хариу ирмэгц Элчин сайдын яаманд албан ёсоор мэдэгдэхээр тохиров.