ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН КАТАР УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ АЗИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН ГАЗРЫН ЗАХИРАЛТАЙ УУЛЗЛАА
Элчин сайд П.Сэргэлэн Катар Улсын Гадаад хэргийн яамны Азийн асуудал хариуцсан газрын захирал Юсуф Султан Ларамтай уулзалт хийв.
Уулзалтын үеэр Элчин сайд сүүлийн үед хоёр орны хооронд явуулж буй хамтын ажиллагаа нэн ялангуяа Катар айрвайс компанийн Гүйцэтгэх захирал Акбар Аль-Бакертай хийсэн уулзалтын дүнд хийгдсэн Катар айрвайс-ын Монголоос агаарын хөлгийн бүхээгийн ажилтнаар ажиллах сонирхолтой залуусыг шалгаруулж авах ажил, үндэсний агаарын тээвэрлэгчид болох МИАТ - Катар айрвайсын хооронд хамтран ажиллах болон инженер, техникийн ажилтнуудаа урт, богино хугацааны сургалтад хамруулах санал, мөн Катар айрвайсын Доха - Улаанбаатар чиглэлд хийхээр төлөвлөж буй шууд нислэгийн талаар товч мэдээлэл өгөв. Түүнчлэн, энэ оны 6 дугаар сард зохион байгуулагдсан Монгол, Катарын Гадаад хэргийн яамд хоорондын улс төрийн II зөвлөлдөх уулзалтын үеэр яригдсан ажлууд эхнээсээ ажил хэрэг болж, катарын талаас монголын 5 оюутанд тэтгэлэг олгохоор шийдвэрлээд байгаад талархал илэрхийлэв.
Мөн тэрээр Монгол Улсаас Катар Улс цаашлаад Булангийн орнууд руу хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнүүд, хүнсний бүтээгдэхүүнүүд нэн ялангуяа мах, махан бүтээгдэхүүн экспортлоход шаардлагатай Халал гэрчилгээ олгох магадлан итгэмжлэлийг авах ажил дуусах шатандаа ороод байгаа талаар мэдээлэл өглөө.
Захирал Юсеф Султан Ларам хоёр орны хамтын ажиллагаа агаарын тээврийн салбарт өргөжиж байгаад баяртай байгаа илэрхийлээд Гадаад хэргийн яамд хоорондын Зөвлөлдөх уулзалтын үеэр яригдсан бусад ажлууд нэн ялангуяа баримт бичгүүдийг эцэслэх асуудалд онцгой анхаарал хандуулж хамтран ажиллах саналтай байгаагаа мэдэгдэв. Түүнчлэн, Халал гэрчилгээний асуудлаар тодорхой ахиц гарч байгаад баяр хүргээд Монголоос удахгүй Катар Улс руу мах, махан бүтээгдэхүүн экспортолж эхэлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Уулзалтаар талууд ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй айлчлал, арга хэмжээний асуудлаар санал солилцож, энэ асуудлаар түргэн, шуурхай холбоотой ажиллахаар тохиролцлоо.