ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН КАТАРЫН ХАРИЛЦАА ХОЛБОО, МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН САЙД МУХАММАД БИН АЛИ АЛЬ-МАННАЙ-ТАЙ УУЛЗАВ
Монгол Улсаас Катар Улсад суугаа Элчин сайд П.Сэргэлэн Катар Улсын Харилцаа холбоо, мэдээлэл технологийн сайд Мухаммад бин Али Аль-Маннай-тай 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр уулзалт хийв.
Уулзалтын эхэнд Элчин сайд П.Сэргэлэн Монгол Улсын харилцаа холбоо, мэдээлэл, технологийн салбар дэлхийн стандарттай хөл нийлүүлэн алхаж байгаа талаар мэдээлж, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж буй “Цахим засаглал хөтөлбөр”, “Цахим үндэстэн” дунд хугацааны хөтөлбөрийн талаар товч танилцуулаад Катар Улстай энэхүү салбарт хамтран ажиллах, харилцан туршлага солилцох, инженер, техникийн ажилтнуудыг Катарт богино, дунд хугацааны сургалтад хамруулах зэрэг асуудлыг хөндөж ярилцав. Түүнчлэн, Монгол Улсын Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Катар Улсын Харилцаа холбоо, мэдээлэл, технологийн яам хооронд болоод хоёр орны Харилцаа холбооны зохицуулах хороод хооронд хамтын ажиллагааг эхлүүлэх, энэ хүрээнд ойрын хугацаанд ажил хэрэгч уулзалтууд хийх, айлчлал хэрэгжүүлэх санал тавив.
Сайд Мухаммад бин Али Аль-Маннай-гийн хувьд Катар Улс цахим засаглалаа дахин шинэчлэх үйл явцын талаар товч мэдээлээд, энэ салбарын чиглэлээр хамтран ажиллах Элчин сайдын саналыг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Мөн хоёр орны яамд, зохицуулах хороод хоорондын хамтын ажиллагааг эхлүүлэх хүрээнд Монголын төлөөлөгчдийг Катар Улсад хүлээн авч, ажил хэрэг уулзалт хийж, харилцаа холбоо, мэдээлэл, технологийн салбарын хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй санал солилцоход бэлэн байгаагаа илэрхийллээ.