images

ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН “АЛЬ ЖАЗИРА” ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН СҮЛЖЭЭНИЙ ЕРӨНХИЙ ЗАХИРАЛТАЙ УУЛЗАВ

Хэвлэлийн мэдээ

2023-10-16

56

Монгол Улсаас Катар Улсад суугаа Элчин сайд П.Сэргэлэн “Аль Жазира” хэвлэл, мэдээллийн сүлжээний Ерөнхий захирал Мустафа Суагтай 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр уулзалт хийв.

Уулзалтын хүрээнд Элчин сайд П.Сэргэлэн Монголын хэвлэл мэдээллийн салбарын талаар товч танилцуулаад Монголын хэвлэл, мэдээллийн ажилтнуудыг харилцан солилцож, туршлага хуваалцах, хэвлэл, мэдээллийн салбарын төлөөлөгчдийг бэлтгэх, чадавхжуулах, контент харилцан солилцох, хамтарсан кино, баримтат кино хийх, Монголын хэвлэл, мэдээллийн байгууллага “Аль Жазира” хооронд хамтын ажиллагаа эхлүүлэх зэрэг асуудлуудыг хөндөж ярилцав.

Ерөнхий захирал Мустафа Суаг “Аль Жазира” нь Ойрхи Дорнод, Хойд Африкийн хамгийн том хэвлэл, мэдээллийн агентлаг бөгөөд Дохад байрладаг хэдий ч Катарын Засгийн газраас хараат бус үйл ажиллагаа явуулдаг бөгөөд олон улсад болж буй нөхцөл байдлыг тэнцвэртэйгээр мэдээлдэг тухай тэмдэглэв.

Тэрээр Монголын хэвлэл, мэдээллийн салбарын ажилтнуудыг “Аль Жазира”-гийн хэвлэл, мэдээллийн институтэд урт, богино хугацааны сургалтуудад хамруулах, мөн тус институтээс Монгол Улсад мэргэжлийн баг ажиллуулж, сургалт зохион байгуулах боломжтойг тэмдэглэв. Мөн хамтарсан кино, баримтат кино нэн ялангуяа Монголын соёл, нүүдэлчдийн аж ахуйн тухай контент бэлтгэх асуудлаар хамтарч ажиллах боломжтойг мэдээлэв.

Элчин сайд П.Сэргэлэн Монгол Улсын Засгийн газар 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласан бөгөөд энэ хүрээнд “CNN” -тэй хамтран Монгол Улсыг тус агентлагийн үйл ажиллагааны хүрээнд олон улсад сурталчлах ажлыг маш амжилттай хэрэгжүүлж байгаагийн үр дүнд Монголыг зорих жуулчдын тоо эрс нэмэгдсэнийг дурдаад “Аль Жазира”-тай энэ төрлийн хамтын ажиллагааг хэрэгжүүлж, Монголын соёл, зан заншил, ахуй амьдралыг Ойрхи Дорнод, Хойд Африкийн орнуудад сурталчлан таниулах саналыг тавив.

Ерөнхий захирал Мустафа Суаг тус саналыг дэмжин хүлээн авсан бөгөөд Азербайжан, Турк зэрэг орнуудтай хамтран ажиллаж байсныг дурдаад Монгол Улсыг олон улсад нэн ялангуяа Ойрхи Дорнод, хойд африкийн бүс нутагт таниулан сурталчлахад Аль Жазира чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг онцлов. Мөн Монгол Улсад болж буй томоохон үйл явдлыг очиж, сурвалжилга хийх замаар Монголын сурталчлах боломжтойг мэдээлэв.

Уулзалтын төгсгөлд талууд хэвлэл, мэдээллийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд ойр дотно хамтран ажиллахаар тохиролцлоо.

Аль Жазира хэвлэл, мэдээллийн сүлжээ нь 1996 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд араб_ англи хэл дээр Al Jazeera English, Al Jazeera Mubasher, Al Jazeera Balkans, Al Jazeera Documentary гэсэн сувгууд гаргадаг. Aljazeera English сувгийг дэлхийн 150 орны 350 сая гэр бүл үздэг гэсэн судалгаа гарсан байдаг.