images

ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН АЗИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭНИЙ ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ДР. ПОРНЧАЙ ДАВИВАТАНА-ТАЙ УУЛЗАВ

Хэвлэлийн мэдээ

2023-09-27

64

Элчин сайд П.Сэргэлэн Азийн хамтын ажиллагааны яриа хэлэлцээний Ерөнхий нарийн бичгийн дарга Др. Порнчай Давиватана-тай 9 дүгээр сарын 27-ны өдөр уулзалт хийв.

Уулзалтын эхэнд Элчин сайд П.Сэргэлэн гадаадын их, дээд сургуулиудад Монгол залуусыг тэтгэлгээр суралцуулах “Ерөнхийлөгчийн илгээлт – 2100”, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулж, цөлжилтийг бууруулах “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, Монгол Улсын Засгийн газраас 2023 -2025 оны Монголд зочлох жил болгон зарласан тухай дэлгэрэнгүй танилцуулахын зэрэгцээ Монгол – Кувейт, Катарын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн явц, хэрэгжүүлж буй болоод цаашид соёл, боловсрол, худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалын салбарт хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлын талаар товч мэдээлэл өгөв. Түүний дараагаар бүс нутгийн хамтын ажиллагааны механизм болох Азийн хамтын ажиллагааны яриа хэлэлцээний байгууллагын Катар Улсад 10 дугаар сард болох Дээд хэмжээний уулзалтад Монголын талыг даргалан оролцохоор болсноо тэмдэглээд цаашид тус байгууллагатай ойр дотно хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, хамтын ажиллагааны боломж, бололцооны асуудлаар санал солилцов.

Др. Порнчай Давиватана Азийн хамтын ажиллагааны яриа хэлэлцээний байгууллага нь бүс нутгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор 2002 онд байгуулагдсан бөгөөд Азийн 35 орон байнгын гишүүнчлэлтэй талаар мэдээлэв. Түүнчлэн, Нью Йорк хотноо энэ сарын 20-нд болсон 18 дахь удаагийн Сайд нарын уулзалтын үр дүнгийн талаар товч мэдээлэл өгөхийн зэрэгцээ тус байгууллага нь боловсролын хамтын ажиллагааг дэмжих хүрээнд Азийн хамтын ажиллагааны яриа хэлэлцээний Их сургуулиудын сүлжээг бий болгож байгааг мэдээлж, Монгол Улсын Их сургуулиудыг энэхүү сүлжээнд нэгдэхийг урив.

Мөн тэрээр Азийн хамтын ажиллагааны яриа хэлэлцээний гишүүн орнуудын 3 дахь удаагийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд Сайд нарын уулзалт, бизнес форум, Худалдаа аж үйлдвэрийн танхим хоорондын уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд дээд хэмжээний уулзалтын үр дүнд тус байгууллагын үйл ажиллагааг эрчимжүүлэх тодорхой санал, санаачилга гарна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Элчин сайд П.Сэргэлэн соёл, боловсрол, аялал жуулчлал, эрүүл мэндийн салбарт хамтын ажиллагаа хөгжүүлэхээс гадна дэлхийн дахинд хүнсний аюулгүй байдал, хүнсний хомсдолын асуудал нүүрлэж буй энэ үед Монголоос эрүүл, чанартай, органик хүнсний бүтээгдэхүүн улс орнуудад нийлүүлэх бололцоотой тул энэ асуудлаар Азийн хамтын ажиллагааны яриа хэлэлцээний гишүүн орнуудтай хамтын ажиллагаа өрнүүлэхэд Ерөнхий нарийн бичгийн даргаас дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

Уулзалтын төгсгөлд талууд Азийн хамтын ажиллагааны яриа хэлэлцээний байгууллагын 3 дахь удаагийн дээд хэмжээний уулзалтыг амжилттай зохион байгуулах чиглэлээр нягт хамтран ажиллахаар тохирлоо.