images

ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН КУВЕЙТ УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ ЁСЛОЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН ТУСЛАХ САЙД НАБИЙЛ РАШИД АЛЬ-ДАХИЛ-ТАЙ УУЛЗАВ.

Хэвлэлийн мэдээ

2023-09-21

64

Элчин сайд П.Сэргэлэн 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Кувейтийн Гадаад хэргийн яамны Ёслолын асуудал хариуцсан Туслах сайд Набийл Рашид Аль-Дахилтай уулзалт хийв.

Элчин сайд П.Сэргэлэн Монгол, Кувейтийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой 2025 он тохиохтой холбогдуулан хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах замын зураглалыг байгуулах болон эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, соёл, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх асуудлыг хөндөж ярилцав. Мөн, цар тахлын улмаас зогсонги байдалд ороод буй улс төрийн механизмуудыг сэргээж, Монгол, Кувейтийн Гадаад хэргийн яамд хоорондын улс төрийн III зөвлөлдөх уулзалтыг энэ ондоо багтаан цахим хэлбэрээр, хоёр орны Засгийн газар хоорондын комиссын II хуралдааныг 2024 онд Улаанбаатар хотноо тус тус зохион байгуулах саналтай байгаа тул Туслах сайдын зүгээс дэмжлэг үзүүлж ажиллахыг хүсэв.

Түүнчлэн, хоёр орны эдийн засаг, худалдаа, боловсролын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх хүрээнд Худалдаа, аж үйлдвэрийн сайд, Дээд боловсролын сайд, Кувейтийн Их сургуулийн удирдлагатай ойрын хугацаанд албан ёсны уулзалт товлож өгөхийг хүсэв.

Туслах сайд Набийл Аль-Дахийл Элчин сайдыг хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг урагшлуулах чиглэлээр идэвхи гарган ажиллаж байгааг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлээд сайд нартай хийх Элчин сайдын уулзалтуудыг ойрын хугацаанд товлож, хариу өгөхөөр нотлов. Улс төрийн механизмыг сэргээх Элчин сайдын санаачилгыг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлээд холбогдох чиглэлийн газартай уулзалт хийхийг зөвлөв.

Уулзалтын төгсгөлд талууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахын төлөө үргэлжлүүлэн ойр дотно хамтарч ажиллахаар тохиров.