images

ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН КУВЕЙТИЙН ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ АЗИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН ТУСЛАХ САЙДЫН ОРЛОГЧТОЙ УУЛЗАВ

Хэвлэлийн мэдээ

2023-09-20

55

Элчин сайд П.Сэргэлэн Кувейтийн Гадаад хэргийн яамны Азийн асуудал хариуцсан Туслах сайдын орлогч Халид Аль-Ясийнтай 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Кувейтийн Гадаад хэргийн яаманд уулзалт хийв.

Уулзалтын эхэнд Элчин сайд П.Сэргэлэн Халид Аль-Ясийнд Азийн асуудал хариуцсан Туслах сайдын орлогчоор томилогдсонд баяр хүргээд хоёр орны хооронд яригдаж буй асуудлууд, хэрэгжүүлэхээр төлөвлөж буй дээд өндөр түвшний айлчлалын асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов.

Элчин сайд П.Сэргэлэн Монгол, Кувейт улс төрийн найрсаг сайн харилцаатай явж ирснийг онцлоод энэхүү харилцааг эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт соёл, аялал жуулчлал, боловсролын чиглэлээр өргөжүүлэн хөгжүүлэх сонирхолтой байгаа бөгөөд эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд Монголоос Кувейт руу мах экспортлох асуудлын хүрээнд Элчин сайдын яамнаас хийж буй ажлуудын талаар тавч танилцуулав. Цаашид боловсролын салбарын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх хүсэлтэй байгаа бөгөөд энэ хүрээнд Кувейтийн Засгийн газраас Монгол оюутнуудад зориулсан тэтгэлэг олгох асуудалд анхаарал хандуулахыг хүсэв.

Түүнчлэн, цар тахлын улмаас зогсонги байдалд ороод буй улс төрийн механизмуудыг сэргээж, Монгол, Кувейтийн Гадаад хэргийн яамд хоорондын улс төрийн III зөвлөлдөх уулзалтыг энэ ондоо багтаан цахим хэлбэрээр, хоёр орны Засгийн газар хоорондын комиссын II хуралдааныг 2024 онд Улаанбаатар хотноо тус тус зохион байгуулах саналтай байгаагаа мэдээлэв.

Халид Аль-Ясийн хоёр орны найрсаг сайн харилцааг бэхжүүлэх, энэ харилцааг бүхий л боломжит салбарт өргөжүүлэн хөгжүүлэх Элчин сайдын санаачилгыг Азийн газар бүрэн дэмжиж ажиллахад бэлэн байгаагаа тэмдэглээд Боловсролын салбарын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх хүрээнд Дээд боловсролын сайдтай уулзалт зохион байгуулж өгөхөөр тохиров.

Мөн тэрээр улс төрийн механизмуудыг сэргээх саналыг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлээд Гадаад хэргийн яам хоорондын улс төрийн III зөвлөлдөх уулзалтыг цахим хэлбэрээр зохион байгуулах асуудлаар ойрын хугацаанд хариуг өгөхөө нотлов.

Уулзалтын төгсгөлд талууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар тогтмол холбоотой, түргэн шуурхай ажиллахаар тохиролцлоо.