images

ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН “ЛУЛУ” СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮРИЙН КУВЕЙТ ДЭХ САЛБАРЫН ЗАХИРАЛ МУХАММАД ХАРИСТАЙ УУЛЗАЛТ ХИЙВ.

Хэвлэлийн мэдээ

2023-08-28

54

Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Элчин сайд П.Сэргэлэн “ЛуЛу” сүлжээ дэлгүүрийн Кувейт дэх салбарын захирал Мухаммад Харистай 8 дугаар сарын 28-ны өдөр уулзалт хийв.

Уулзалтын эхэнд Мухаммад Харис “ЛуЛу” сүлжээ дэлгүүр нь Ойрхи Дорнодын бүс нутагт үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд нийт 254 салбар дэлгүүртэй, 65,000 орчим ажилтантай талаар мэдээлэв. “ЛуЛу” сүлжээ дэлгүүрийн Кувейт дэх салбар нь нийт 14 дэлгүүртэй бөгөөд Азийн орнуудаас Хятад, Вьетнам, Тайланд, Малайз, Индонези зэрэг орнуудаас хүнсний бараа бүтээгдэхүүнүүдийг импортолж, худалдаалдаг талаар мэдээлэл өгч, Монголын бараа, бүтээгдэхүүнийг зарж, борлуулах чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

Элчин сайд П.Сэргэлэн Монгол Улс нийт 70 гаруй сая малтайгаас 40 сая орчим нь хонь байдаг бөгөөд бэлчээрийн аж ахуйтай тул махны амт чанар сайнаас гадна органик байдгийг тэмдэглээд монголын мах, махан бүтээгдэхүүнийг гадаад орнууд руу тэр дундаа Булангийн орнууд руу экспортлоход Монгол Улсын Засгийн газар чухал ач холбогдол өгөн ажиллаж байгаа талаар мэдээлэв.

Мөн тэрээр Булангийн орнууд руу мах, махан бүтэгдэхүүн экспортлоход шаардлагатай Халал гэрчилгээг Монгол Улсад олгодог болох магадлан итгэмжлэлийг ойрын хугацаанд Булангийн магадлан итгэмжлэлийн төвөөр хийлгэж энэ ондоо багтаан мах, махан бүтээгдэхүүнийг Кувейт Улс руу экспортолж эхлэхээр төлөвлөөд байгаа бөгөөд махаа “ЛуЛу”-гийн сүлжээ дэлгүүрүүдэд тавьж борлуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн, Монголоос хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнүүд тухайлбал самар, сүү, сүүн бүтээгдэхүүн, гурил, гурилан бүтээгдэхүүнүүдийг Кувейт Улсад экспортлох боломжтой талаар тэмдэглэж эдгээр бүтээгдэхүүнүүдийн дээжийг танилцуулав.

Мухаммад Харис мах, махан бүтээгдэхүүнүүдийн үнийн санал, тээвэрлэлтийн талаарх мэдээллийг ирүүлсэн тохиолдолд судалж үзэн хамтран ажиллах боломжтойг мэдээлэв. Харин самар болон бусад бүтээгдэхүүнийг эхний ээлжид бага хэмжээгээр авч туршилтын шугамаар Кувейтийн хэрэглэгчдэд таниулах, үүний дараагаар их хэмжээгээр авах саналтай байгаа тул холбогдох мэдээллүүдийг ирүүлэх хүсэлтийг тавив.

Элчин сайд П.Сэргэлэн Монголын экспортын бараа, бүтээгдэхүүнүүдийн товч танилцуулга, үнийн санал, нийлүүлэх боломжтой хэмжээ зэргийг холбогдох компани, байгууллагуудаас авч ойрын хугацаанд хүргүүлж, цаашид ойр дотно хамтран ажиллахаар тохиролцов.

Уулзалтын дараагаар Мухаммад Харис “ЛуЛу” сүлжээ дэлгүүрийн Кувейт дэх салбарын төв оффисын ерөнхий үйл ажиллагааг танилцуулж, зарим мэдээллийг өглөө.