ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН “ЭКСПО 2023 ДОХА”-Г ЗОХИОН БАЙГУУЛАХ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА БОЛОН ҮЗЭСГЭЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРООНЫ ОРЛОГЧ ДАРГА НАРТАЙ УУЛЗАЛТ ХИЙВ
Элчин сайд П.Сэргэлэн “ЭКСПО 2023 ДОХА”-г зохион байгуулах Үндэсний хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Мохаммад Али Аль-Хуури болон Үзэсгэлэн зохион байгуулах хорооны орлогч дарга Тамадер Аль-Мулла нартай 8 дугаар сарын 24-ний өдөр уулзалт хийв.
Уулзалтын эхэнд Элчин сайд П.Сэргэлэн энэ онд Монгол, Катарын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож байгаа бөгөөд энэ хүрээнд Монгол Улсыг Катарын ард түмэнд сурталчлан таниулах зорилгоор 3 дугаар сард Доха хотноо “Монголын өдрүүд” соёлын арга хэмжээ, Монгол - Катарын бизнес форум, Монголын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэнг зохион байгуулсан талаар мэдээлэв.
Түүнчлэн, хоёр орны аялал жуулчлалыг дэмжих хүрээнд Катар айрвайс компани ирэх оноос Доха-Улаанбаатар-Доха чиглэлд шууд нислэг үйлдэж эхлэх, ойрын хугацаанд хоёр орны бүх төрлийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх хэлэлцээрийг байгуулахаар төлөвлөж байгааг тэмдэглэв.
Мөн тэрээр Монголын мах махан бүтээгдэхүүнийг Катар цаашлаад Булангийн орнуудад экспортлох хүрээнд Халал гэрчилгээ олгох магадлан итгэмжлэл хийлгэх ажлын явц, мөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан тэрбум мод төслийн тухай дэлгэрэнгүй танилцуулав.
Элчин сайдын хувьд цаашид мах махан бүтээгдэхүүний экспортыг дэмжих, Монгол орныг Катар цаашлаад Булангийн орнуудад соёл, аялал жуулчлалын чиглэлээр сурталчлан таниулах зорилгоор “ЭКСПО 2023 ДОХА” -г зохион байгуулагчидтай хамтран ажиллах хүсэл, сонирхолтой байгаагаа илэрхийллээ.
Ерөнхий нарийн бичгийн дарга Мухаммад Али Аль-Хуури-гийн хувьд ЭКСПО 2023 ДОХА нь “Ногоон цөл, илүү сайн орчин” сэдвийн дор 2023 оны 10 дугаар сарын 2-ноос 6 сарын хугацаатайгаар зохион байгуулагдах бөгөөд үзэсгэлэн нь олон улсын хэсэг, гэр бүлийн хэсэг, соёлын хэсэг гэсэн гурван хэсгээс бүрдэж байгаа талаар мэдээлэл өгөв. Мөн тэрээр Монгол Улсыг энэхүү ЭКСПО-д оролцохыг албан ёсоор уриад оролцох тохиолдолд үзэсгэлэнгийн павильон, түүний тохижуулалт, ажилтнуудын байрлах байр, хоол зэрэг зардлыг даахаас гадна Монголын бараа, бүтээгдэхүүнийг Катарт авчрах зардлыг мөн даах боломжтой тухай мэдээлэв.
Үзэсгэлэн зохион байгуулах хорооны орлогч дарга Тамадер Аль-Мулла “ЭКСПО 2023 ДОХА” нь үндсэн сэдвээс гадна Орчин үеийн хөдөө аж ахуй, технологи - инновац, байгаль орчны тухай мэдлэг, тогтвортой байдал гэсэн дэд сэдвүүдэд хуваагдаж байгааг мэдээлэв.
Түүнчлэн, өнөөдрийн байдлаар дэлхийн 80 гаруй орон ЭКСПО-д оролцохоо илэрхийлж, павильон тохижилтын ажилдаа ороод байгааг мэдээлж, Монгол Улс ЭКСПО-д оролцох тохиолдолд бүх талаар дэмжиж ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.
Элчин сайд П.Сэргэлэн энэхүү ЭКСПО-д оролцох асуудлыг Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн яам, Соёлын яам болон бусад холбогдох байгууллагуудад хүргүүлж, ойрын хугацаанд албан ёсоор хариу өгөхөөр тохирлоо.