ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН КАТАРЫН ХӨГЖЛИЙН САНГИЙН ТӨСӨЛ ХАРИУЦСАН ГАЗРЫН ДАРГАТАЙ УУЛЗАВ
Элчин сайд П.Сэргэлэн Катарын хөгжлийн сангийн Төсөл хариуцсан газрын дарга Нуф Аль-Каабитай 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Катарын сангийн төв байранд уулзалт хийв.
Элчин сайд П.Сэргэлэн Катарын хөгжлийн сангийн санхүүжилтээр Монгол Улсад томоохон төсөл хэрэгжүүлснээс хойш 16 жил өнгөрөөд байгааг дурдаад Монгол Улсын эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай байгаа Хавдрын эмнэлэг шинээр барих төслийг хамтран хэрэгжүүлэх саналыг судалж үзэх хүсэлтийг тавив.
Нуф Аль-Кааби Элчин сайдтай дахин уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд Монгол Улсад Хавдрын эмнэлэг барих төслийг хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлээд холбогдох албан ёсны хүсэлт, техник эдийн засгийн үндэслэлийг ойрын хугацаанд ирүүлсэн тохиолдолд холбогдох судалгааг хийж, Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар оруулан энэ ондоо багтаан шийдвэрлүүлж, ирэх оноос төслийг эхлүүлэх боломжтой гэдгийг мэдээлэв.
Уулзалтын төгсгөлд Элчин сайд П.Сэргэлэн Хавдрын эмнэлэг барих төслийн мэдээлэл, холбогдох хүсэлтийг Монгол Улсын Эдийн засгийн хөгжлийн яам, Эрүүл мэндийн яамнаас ойрын хугацаанд авч Катарын Гадаад хэргийн яамаар дамжуулан Катарын хөгжлийн санд албан ёсоор хүргүүлэх, энэ асуудлаар цаашид тогтмол холбоотой ажиллахаар тохиролцлоо.