ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН КАТАР УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ ЁСЛОЛЫН ГАЗРЫН ЗАХИРАЛ, АЗИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН ГАЗРЫН ДЭД ЗАХИРЛЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ НАРТАЙ УУЛЗЛАА
Монгол Улсаас Катар Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П.Сэргэлэн Катарын Гадаад хэргийн яамны Ёслолын газрын захирал Ибрахим Аль-Фахруу, Азийн асуудал хариуцсан газрын дэд захирлын үүрэг гүйцэтгэгч Хатагтай Жовахар Аль-Абидийн нартай 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Катарын Гадаад хэргийн яаманд уулзалт хийв.
Уулзалтуудын үеэр Элчин сайд П.Сэргэлэн Улаанбаатар хотноо 6 дугаар сард зохион байгуулагдсан хоёр орны Гадаад хэргийн яамд хоорондын Улс төрийн зөвлөлдөх уулзалт нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч, цаашдын замын зураглалыг тодорхойлоход чухал ач холбогдолтой, үр өгөөжтэй уулзалт болсныг тэмдэглээд уулзалтын үеэр яригдсан асуудлуудыг ажил хэрэг болгоход хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Нэн ялангуяа соёл, спорт, аялал жуулчлал, боловсролын хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд түлхүү анхаарч ажиллахаа илэрхийлэв.
Мөн тэрээр Монгол Улсаас Катар Улс цаашлаад Катараар дамжуулан Булангийн орнууд руу мах, махан бүтээгдэхүүн экспортлоход шаардлагатай магадлан итгэмжлэл хийлгэх асуудлаар Булангийн магадлан итгэмжлэлийн төвтэй хамтарч ажиллаж буй явцын талаар мэдээлэл өгч ойрын хугацаанд Монголоос Катар руу мах экспортлогдож эхэлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Ибрахим Аль-Фахруу Элчин сайдтай дахин уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ ёслолын асуудалтай холбоотой бүх асуудалд Элчин сайдыг дэмжиж ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж, Катарын холбогдох албан тушаалтнуудтай хийх уулзалтуудыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв.
Хатагтай Жовахар Аль-Абидийн Ерөнхий нарийн бичгийн дарга Ахмад Хассан Аль-Хаммадигийн хамтаар Монгол Улсад айлчилж, Гадаад хэргийн яамд хоорондын улс төрийн зөвлөлдөх уулзалтад оролцсондоо баяртай байгаагаа илэрхийлээд уулзалтын үеэр яригдсан зүйлсийг ажил хэрэг болгох, хоёр орны хооронд байгуулахаар яригдаж байгаа соёл, спорт, боловсрол болон бусад салбарт хамтран ажиллах тухай баримт бичгүүдийг эцэслэх асуудлаар Элчин сайдтай хамтарч ажиллахад бэлэн байгаагаа нотлов.
Уулзалтуудын үеэр талууд ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй албан ёсны айлчлал, арга хэмжээний асуудлаар санал солилцож, энэ хүрээнд тогтмол холбоотой байж, түргэн шуурхай ажиллахаар тохиролцлоо.