ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН “КАТАР ЭЙРВЭЙС” КОМПАНИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ АКБАР АЛЬ-БАКЕР-ТАЙ УУЛЗАЛТ ХИЙВ
Элчин сайд П.Сэргэлэн “Катар Эйрвэйс” компанийн Ерөнхий захирал Акбар Аль-Бакертай 8 дугаар сарын 22-ны өдөр тус компанийн төв байранд уулзалт хийв. Уулзалтад “Катар Эйрвэйс” компанийн Аэрополитик, корпорацын асуудал хариуцсан дэд Ерөнхийлөгч Фати Атти, Зүүн бүс хариуцсан дэд Ерөнхийлөгч Марван Колейлат нар оролцов.
Уулзалтын эхэнд Элчин сайд П.Сэргэлэн “Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Катар Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т 2023 оны 3 дугаар сарын 7-ны өдөр талууд гарын үсэг зурснаар “Катар Эйрвэйс” компани Доха – Улаанбаатар – Доха чиглэлд шууд нислэг үйлдэх бүрэн боломж нээгдээд байгааг мэдээлж, шууд нислэг хийх асуудлаар Монгол Улсын Засгийн газар “Катар Эйрвэйс”-т бүх талын дэмжлэг үзүүлж ажиллахад бэлэн байгааг мэдэгдэв.
Түүнчлэн, Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яамнаас МИАТ компанийн шинээр авсан “Боинг 787-9” агаарын хөлөг онгоцны нисгэгч, инженер, техникийн ажилтнуудыг “Катар Эйрвэйс”-ийн шугамаар бэлтгэх, дадлагажуулах, мөн хоёр орны Зам тээврийн сайд нарын 3 дугаар сард хийсэн уулзалтын үеэр тохиролцсон агаарын тээврийн чиглэлээр 50 оюутан Катарт сургах асуудлыг ажил хэрэг болгох хүсэлтэй байгааг илэрхийлэв.
“Катар Эйрвэйс” компанийн зүгээс Монгол улсаас 50 хүртэлх тооны залуусыг шалгаруулан бүхээгийн ажилтнаар бэлтгэн, ажиллуулах хүсэлтийг манай улс дэмжиж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.
Ерөнхий захирал Акбар Аль-Бакерын хувьд Агаарын харилцааны тухай хэлэлцээр байгуулагдсан мэдээллийг талархан хүлээн авснаа илэрхийлээд хоёр орны хооронд ирэх оноос шууд нислэг хийж эхлэхээр төлөвлөн, холбогдох судалгааг хийж байгааг мэдээлэв.
“Боинг 787-9” агаарын хөлөг онгоцны нисгэгч, инженер, техникийн ажилтнуудыг бэлтгэх, дадлагажуулахад бэлэн байгаагаа илэрхийлж, холбогдох ажилтнууддаа чиглэл өгөв.
Харин 50 оюутны асуудлыг Катарын Тээврийн яамтай ярилцаж, санал солилцохыг зөвлөлөө.
Бүхээгийн ажилтнуудын тухайд Монголд ойрын хугацаанд багаа ажиллуулж, Монголоос 50 хүртэлх тооны охид залуусыг шалгаруулан бэлтгэж, “Катар Эйрвэйс”- компанид бүхээгийн ажилтнаар ажилд авах бөгөөд хамгийн гол тавигдах шаардлага нь англи хэлийг сайн эзэмшсэн байх гэдгийг онцлов.
Уулзалтын төгсгөлд талууд хоёр орны агаарын тээврийн хамтын ажиллагааны асуудлаар ойр дотно, холбоотой ажиллахаар тохиролцов.
“Катар Эйрвэйс” компани нь Катарын Үндэсний агаарын тээвэрлэгч компани бөгөөд дэлхийн 160 гаруй чиглэлд шууд нислэг үйлддэг. Тус компани нь 2022 онд “Шилдэг авиа компани”-аар шалгарсан.