ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН БУЛАНГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЗӨВЛӨЛИЙН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН ТӨВИЙН ТЕХНИК, ЧАНАРЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН МЕНЕЖЕР АТТА УС САБХАНТАЙ ЦАХИМ УУЛЗАЛТ ХИЙВ
Элчин сайд П.Сэргэлэн Булангийн хамтын ажиллагааны зөвлөл /БХАЗ/-ийн Магадлан итгэмжлэлийн төвийн техник, чанарын асуудал хариуцсан менежер Атта Сабхантай Цахим уулзалт хийж, Стандарт хэмжилзүйн газар нэр дээр Халал гэрчилгээ олгох магадлан итгэмжлэл хийлгэх явцын талаар ярилцав.
Атта Сабхан НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага (UNIDO)-ын Монгол дахь салбар БХАЗ-тэй гэрээ байгуулж, Стандарт хэмжилзүйн газар, Мусульманы холбоо, Халал серт зэрэг гурван байгууллагын нэр дээр магадлан итгэмжлэл хийлгэхээр ажиллаж байгааг мэдээлэв. Мөн Стандарт хэмжилзүйн газрын хувьд “С” ангиллын буюу мал нядалгаа, мах махан бүтээгдэхүүний халал гэрчилгээ олгох магадлан итгэмжлэл хийлгэхээр хүсэлтээ өгснийг тэмдэглэв. Атта Сабхан дээрх 3 байгууллага хүсэлтийн маягт, холбогдох баримт бичгээ бүрэн ирүүлсний дараагаар 9 дүгээр сарын эхээр БХАЗ-аас мэргэжлийн багийг Монголд томилон газар дээрх судалгааг хийлгэх бөгөөд 11 дүгээр сардаа багтаан магадлан итгэмжлэлийг олгох урьдчилсан байдлаар хуваарь гараад байгааг мэдэгдэв.
Элчин сайд П.Сэргэлэн Монгол Улсын Засгийн газар, Шадар сайд, ЗГХЭГ-ын дарга нарын зүгээс магадлан итгэмжлэлийг нэн даруй хийлгэж, Монголоос Булангийн орнууд руу мах экспортолж эхлэх асуудалд чухал ач холбогдол өгч байгааг тэмдэглэв. Мөн тэрээр Стандарт хэмжилзүйн газраас БХАЗ-д холбогдох хүсэлтээ өгөөд нэлээдгүй хугацаа өнгөрснийг дурдаад шинээр нэмэгдэж буй хоёр байгууллага маягтаа бөглөх, холбогдох материалуудыг бүрдүүлж хянуулахад цаг хугацаа их алдах эрсдэлтэй байгааг мэдэгдэв.
Түүнчлэн, Монголын мах экспортлогч компаниуд, Булангийн орнуудын мах импортлогч компаниудын дунд махны экспортыг ойрын хугацаанд эхлүүлнэ гэсэн томоохон хүлээлт үүсээд байгааг мэдээлж, Стандарт хэмжилзүйн газрын нэр дээр халал гэрчилгээ олгох магадлан итгэмжлэл хийх хугацааг наашлуулах тал дээр дэмжлэг үзүүлэхийг хүсэв.
Уулзалтын төгсгөлд талууд ойрын хугацаанд биечлэн уулзаж, Халал гэрчилгээ олгох магадлан итгэмжлэл хийлгэх асуудлыг хурдавчлуулах боломж бололцооны асуудлаар дахин санал солилцохоор тохиролцлоо.