images

Элчин сайд П.Сэргэлэн 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Кувейтийн сангийн Зүүн болон Өмнөд Ази, Номхон далайн орнуудын асуудал хариуцсан менежер Юсеф Аль-Бадертай уулзалт хийв.

Хэвлэлийн мэдээ

2023-06-16

56

Элчин сайд П.Сэргэлэн хоёр улсын хооронд тогтоосон харилцаа, хамтын ажиллагаа улс төр, эдийн засгийн бүхий л салбарт сүүлийн жилүүдэд амжилттай хөгжиж байгааг тэмдэглээд, Кувейтийн сангаас манай улсад үзүүлсэн буцалтгүй тусламж, хөнгөлттэй зээлүүд нь Монгол Улсын зам, тээвэр, эрүүл мэнд, иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаад талархал илэрхийлэв.

Үүний нэг тодхон жишээ болох Кувейтийн сангийн санхүүжилтээр Түлэнхийн төвийн эмнэлэг ашиглалтанд орсон явдалд Монголын ард түмний өмнөөс чин сэтгэлийн талархал дэвшүүллээ.

Улмаар Кувейтийн сангийн төлөөлөгчдийн Монгол Улсад хийсэн ажлын айлчлалын үр дүнгийн талаар ярилцав.

Кувейтийн сангийн Зүүн болон Өмнөд Ази, номхон далайн орнуудын асуудал хариуцсан менежер Юсеф Аль-Бадер Монгол Улсад хийсэн айлчлал үр дүнтэй болсныг мэдэгдсний зэрэгцээ Түлэнхийн төвийн нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Засгийн газар онцгой анхаарал хандуулж ажилласныг онцолж, айлчлалын үеэр Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг нар айлчлалын бүрэлдэхүүнийг тусгайлан хүлээн авсныг мэдэгдэж, улмаар тус яамдаас танилцуулсан зарим төсөл, хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өгөв. Чингэхдээ дээрх яамдаас Кувейтийн санд холбогдох төсөл, хөтөлбөрүүдийг албан ёсоор тавьсан тохиолдолд бүхий л талаар дэмжиж ажиллахад бэлэн байгаагаа мэдэгдэв.

Мөн тэрээр тус айлчлалыг амжилттай зохион байгуулахад Монгол Улсаас Кувейт Улсад суугаа ЭСЯ-ны идэвхи, санаачлага, оролцоо ихэд байсанд талархалаа илэрхийлж, Кувейтийн сангийн Ерөнхий захирлын орлогчийн үүрэг гүйцэтгэгч хатагтай Иман Абдулразак айлчлалын үр дүнд сэтгэл хангалуун буцсаныг мэдэгдэв.

Уулзалтын төгсгөлд Элчин сайд П.Сэргэлэн Монгол Улсын нийгэм эдийн, засгийн хөгжилд нэн шаардлагатай байгаа эрүүл мэнд, замын төсөл хөтөлбөрүүдийг холбогдох яамдаас ойрын хугацаанд албан ёсоор авч, зохих журмын дагуу хүргүүлэхээ мэдэгдэж, цаашид холбогдох төслүүдийн хүрээнд болон бусад асуудлуудаар тогтмол харилцаа, холбоотой ажиллахаар тохиролцов.