images

ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН КУВЕЙТ УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ ЁСЛОЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН ТУСЛАХ САЙД НАБИЙЛ РАШИД АЛЬ-ДАХИЛ-ТАЙ УУЛЗЛАА

Хэвлэлийн мэдээ

2023-05-16

41

Уулзалтын эхэнд Элчин сайд П.Сэргэлэн Набийл Рашид Аль-Дахил-д Кувейтийн Гадаад хэргийн яамны Ёслолын асуудал хариуцсан Туслах сайдын хариуцлагатай албан тушаалд томилогдсонд нь баяр хүргээд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны зарим асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов.

Элчин сайд П.Сэргэлэн Монгол, Кувейт нь өнгөрсөн 50 орчим жилийн хугацаанд улс төрийн найрсаг сайн харилцаатай явж ирснийг онцлоод энэхүү харилцааг эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, соёл, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаагаар өргөжүүлэхээр Элчин сайдын хувьд зорьж ажиллаж байгааг тэмдэглээд энэ хүрээнд 3 дугаар сарын 8-9-ний өдрүүдэд Монголын соёлын урлагийн тоглолт, бизнес форум, үзэсгэлэн, загварын шоу бүхий “Welcome to Mongolia” цогц арга хэмжээг Эль-Кувейт хотноо амжилттай зохион байгуулсан тухай мэдээлж, арга хэмжээг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн Кувейтийн Ёслолын газрын хамт олонд талархал илэрхийлэв.

Түүнчлэн, хоёр тал Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулахад бэлэн болсон бол аялал жуулчлал, соёл, боловсрол, спортын хамтын ажиллагааны хэлэлцээрүүд ойрын хугацаанд эцэслэгдэх талаар мэдээлж, эдгээр хэлэлцээрүүдийг байгуулснаар хоёр орны хооронд шууд нислэг үйлдэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх, экспортыг дэмжих, боловсрол, соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдгийг онцлов. Мөн Монгол Улсаас Кувейт Улс цаашлаад Кувейтээр дамжуулан Булангийн орнууд руу махны экспортыг эхлүүлэх асуудалд чухал ач холбогдол өгч ажиллаж байгаа бөгөөд ойрын хугацаанд ажил хэрэг болж хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Туслах сайд Набийл Аль-Дахийл Элчин сайдыг 1 жил орчмын хугацаанд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг урагшлуулах чиглэлээр маш идэвхтэй ажиллаж, олон ажил, арга хэмжээ зохион байгуулсныг үнэлж байгаагаа илэрхийлээд цаашид хоёр орны хамтын ажиллагааг боломжит салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд Элчин сайд болон Элчин сайдын яамтай нягт хамтран ажиллахад бэлэн байгаагаа нотлов.

Уулзалтын төгсгөлд талууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар тогтмол уулзаж, түргэн шуурхай ажиллахаар тохиролцлоо.