ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН КАТАРЫН ХӨГЖЛИЙН САНГИЙН ТӨСӨЛ ХАРИУЦСАН ГАЗРЫН ДАРГАТАЙ УУЛЗАВ
Монгол Улсаас Катар Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П.Сэргэлэн Катарын хөгжлийн сангийн Төсөл хариуцсан газрын дарга Нуф Аль-Каабитай уулзалт хийв.
Элчин сайд П.Сэргэлэн Монгол Улс, Катар Улстай Мянганы замын 65 км зам барих төслийг хэрэгжүүлэхэд хамтран ажилласнаас хойш даруй 16 жил өнгөрөөд байгааг дурдаад хоёр орны хооронд харилцан ашигтай төсөл, хөтөлбөр нэн ялангуяа Монгол Улсын эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай буй Хавдрын эмнэлэг шинээр барих төслийг хамтран хэрэгжүүлэх саналыг судалж үзэх хүсэлтийг тавив.
Нуф Аль-Кааби Катарын Хөгжлийн сан нь гадаад орнуудад олгох хөгжлийн албан ёсны тусламжийг Катар Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс хэрэгжүүлэх, зохицуулах үүрэгтэй бөгөөд тус сангийн үндсэн зорилго нь тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангах явдал бөгөөд боловсрол, эрүүл мэнд, эдийн засгийн чадамжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдээр дамжуулан хүний хөгжлийг дэмжих бодлого баримталдаг тухай мэдээлээд Монгол Улстай хамтын ажиллагаа хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлж, эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төслийн техник эдийн засгийн үндэслэлийг ирүүлсэн тохиолдолд судалж үзэхээ мэдэгдэв.
Уулзалтын төгсгөлд Элчин сайд П.Сэргэлэн Хавдрын эмнэлэг барих төслийн мэдээллийг ойрын хугацаанд албан ёсоор хүргүүлж, энэ асуудлаар Катарын сантай тогтмол холбоотой ажиллахаар тохиролцлоо.