images

ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН КАТАРА СОЁЛЫН САНГИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛТАЙ УУЛЗЛАА

Хэвлэлийн мэдээ

2023-05-14

59

Монгол Улсаас Катар Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П.Сэргэлэн “Катара” соёлын сангийн Ерөнхий захирал Др.Халид Аль-Сулайти-тай уулзалт хийв.

Уулзалтын эхэнд Элчин сайд П.Сэргэлэн Монгол, Катарын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан “Welcome to Mongolia” арга хэмжээ нь Монгол Улсыг Катарын ард түмэнд сурталчлан таниулах, хоёр орны соёл урлаг, аялал жуулчлал, эдийн засгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой байсныг тэмдэглээд арга хэмжээг амжилттай зохион байгуулахад бүх талын дэмжлэг үзүүлж хамтарч ажилласанд гүн талархал илэрхийлж, Элчин сайдын яамны дурсгалын зүйлийг гардуулав.

Др.Халид Аль-Сулайти дурсгалын зүйлийн талархан хүлээн авч байгаагаа илэрхийлээд “Welcome to Mongolia” арга хэмжээ нь өмнө нь Дохад зохион байгуулагдаж байсан бусад улс орны арга хэмжээнүүдээс өвөрмөц, шинэлэг байсан бөгөөд Катарын ард түмэнд Монголын соёл урлагийн талаар ойлголт өгсөн гэдгийг онцлов. Мөн тэрээр Монголын урлагийн төлөөлөгчдийг Катарт дахин хүлээн авч хамтарч ажиллахад бэлэн байгаагаа нотлов.

Уулзалтын төгсгөлд талууд хоёр орны соёл, урлагийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд бүхий л боломж бололцоог дайчлан ажиллахаар тохиролцлоо.