images

ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН КАТАР УЛСЫН “ХАССАД” ТӨРИЙН ӨМЧИТ ХҮНСНИЙ КОМПАНИЙН ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗЛАА

Хэвлэлийн мэдээ

2023-05-14

57

2023 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Элчин сайд П.Сэргэлэн Катарын “Хассад” төрийн өмчит компанийн дэд Ерөнхийлөгч Мубарак Рашид Аль-Сахутитай уулзалт хийв.

Элчин сайд П.Сэргэлэн Монгол Улс Катар Улстай улс төрийн найрсаг сайн харилцаатай бөгөөд энэхүү харилцаанд тулгуурлан худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх өндөр сонирхолтой байгааг тэмдэглэв. Эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих, хоёр орны бизнес эрхлэгчдийн хооронд холбоо тогтоох зорилгоор Элчин сайдын яамны санаачилгаар Монгол, Катарын анхдугаар бизнес форумыг Доха хотноо энэ оны 3 дугаар сард амжилттай зохион байгуулснаас гадна хоёр орны хооронд Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулж, Монгол, Катарын хооронд шууд нислэгтэй болох боломжийг бүрдүүлээд байгаа тухай мэдээлэв.

Мөн тэрээр Монгол Улсын хувьд Катар цаашлаад Булангийн орнууд руу хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнүүд, хүнсний бүтээгдэхүүнүүд нэн ялангуяа мах, махан бүтээгдэхүүн экспортлох зорилтыг тавин ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд Хассад компанитай харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа мэдээлэв.

Дэд Ерөнхийлөгч Мубарак Рашид Аль-Сахутити Хассад компани нь Катарын хүнсний ханган нийлүүлэлтийг хариуцан ажиллахаас гадна хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт хийх замаар улс орнуудтай хамтран ажилладгийг тэмдэглээд Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт хийх асуудлыг судлан үзэхэд бэлэн байгаагаа нотлов. Түүнчлэн, Монгол Улс Катар Улсын хооронд шууд нислэг хийгдэж эхэлснээр хоёр орны бизнесийн хамтын ажиллагаа өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд Монголоос мах импортлох асуудалд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Мөн, Катар Улсаас Засгийн газрын төлөөлөгчид Монгол Улсад айлчлах тохиолдолд “Хассад” компаниас төлөөлөгч илгээн хамтын ажиллагааны боломж бололцоог судлахад бэлэн байгаагаа мэдэгдлээ.