ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН КАТАР УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ АЗИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН ГАЗРЫН ЗАХИРАЛ ЮСЕФ СУЛТАН ЛАРАМТАЙ УУЛЗЛАА
Уулзалтын эхэнд Элчин сайд П.Сэргэлэн “Welcome to Mongolia” арга хэмжээ, Монгол, Катарын бизнес форумыг Доха хотноо амжилттай зохион байгуулахад бүх талын дэмжлэг үзүүлж хамтарч ажилласанд гүн талархал илэрхийлээд Элчин сайдын яамны дурсгалын зүйлийг гардуулав. Үүний дараагаар талууд хоёр орны хооронд яригдаж буй, хүлээгдэж буй асуудлуудаар дэлгэрэнгүй ярилцлаа.
Уулзалтын үеэр Элчин сайд П.Сэргэлэн Монгол, Катар нь өнгөрсөн 25 жилийн хугацаанд улс төрийн найрсаг сайн харилцаатай явж ирснийг онцлоод энэхүү харилцааг үе шаттайгаар хөгжүүлэх нэн ялангуяа соёл урлаг, аялал жуулчлалаар дамжуулан иргэд хоорондын харилцааг хөгжүүлсний дараагаар эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр зорьж ажиллаж байгаа тухай мэдээлэв. Монгол, Катарын Агаарын харилцааны хэлэлцээрийг 3 дугаар сард байгуулсан нь хоёр орны хооронд шууд нислэг хийгдэх цаашлаад аялал жуулчлал, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа хөгжих суурь тавигдсаныг тэмдэглэв.
Мөн тэрээр Монгол Улсаас Катар Улс цаашлаад катараар дамжуулан Булангийн орнууд руу хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнүүд, хүнсний бүтээгдэхүүнүүд нэн ялангуяа мах, махан бүтээгдэхүүн экспортлох чиглэлээр ажиллаж байгаа бөгөөд махны экспортыг эхлүүлэх асуудалд тодорхой ахиц гарсныг мэдээлэхийн зэрэгцээ Нийтийн эрүүл мэндийн яамнаас холбогдох магадлан итгэмжлэлийг түргэн шуурхай авахад Гадаад хэргийн яамнаас холбогдох дэмжлэгийг үзүүлж хамтран ажиллахыг хүсэв.
Элчин сайд П.Сэргэлэн ойрын хугацаанд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөж буй Монгол Улсын Гадаад харилцааны яам, Катар Улсын Гадаад хэргийн яам хоорондын Улс төрийн II зөвлөлдөх уулзалт нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч, цаашдын замын зураглалыг тодорхойлоход улс төрийн чухал механизм тул монголын талаас чухал ач холбогдол өгч буйг онцлоод энэхүү уулзалт үр дүнтэй, хамтын ажиллагаанд үр өгөөжтэй байна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Захирал Юсеф Султан Ларам Катар Улс өнгөрсөн жилүүдэд Европ руу чиглэсэн гадаад бодлогодоо түлхүү анхаарал хандуулдаг байсан бол энэ жилээс Ази руу чиглэсэн гадаад бодлогыг идэвхтэй хэрэгжүүлж эхэлснийг тэмдэглээд энэ хүрээнд Монгол Улстай найрсаг сайн харилцаагаа бэхжүүлэх, энэхүү харилцааг бүхий л боломжит салбарт өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр ажиллахад бэлэн байгаагаа тэмдэглэв. Гадаад хэргийн яамд хоорондын Зөвлөлдөх уулзалтын тухайд катарын талаас мөн адил чухал ач холбогдол өгч буй онцлоод уулзалтыг ойрын хугацаанд амжилттай зохион байгуулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Түүнчлэн, Захирал Юсеф Султан Ларам Катар Улс энэ оны 10 дугаар сард Азийн хамтын ажиллагааны яриа хэлэлцээний дээд хэмжээний уулзалтыг Доха хотноо зохион байгуулах тухай мэдээлж, Монгол Улсыг дээд түвшинд оролцоно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд ойрын хугацаанд албан ёсны урилгыг хүргүүлэхээ мэдэгдэв.
Уулзалтын төгсгөлд талууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бүхий л боломжоо дайчлан ажиллахаа илэрхийлж, тогтмол холбоотой байж, түргэн шуурхай ажиллахаар тохиролцлоо.