Элчин сайд П.Сэргэлэн Катарын Гадаад хэргийн яамны Ёслолын газрын захиралтай уулзав
Элчин сайд П.Сэргэлэн Катар Улсын Гадаад хэргийн яамны Ёслолын газрын дарга Ибрахим Аль-Фахруутай 5 дугаар сарын 10-ны өдөр уулзалт хийв.
Уулзалтын эхэнд Элчин сайд П.Сэргэлэн Монгол Улсыг сурталчлан таниулах “Welcome to Mongolia” арга хэмжээ болон Монгол, Катарын анхдугаар бизнес форумыг Доха хотноо зохион байгуулахад Ёслолын газрын зүгээс бүх талын дэмжлэг үзүүлж, хамтарч ажилласанд талархал илэрхийлээд Элчин сайдын яамны дурсгалын зүйлийг гардуулав. Элчин сайд П.Сэргэлэн энэ удаагийн айлчлалаар ГХЯ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, Катарын сан, Катарын хөгжлийн сан, Нийтийн эрүүл мэндийн яам, КАТАРА – соёлын сан, Катарын Олимпын хорооны удирдлагуудтай уулзалт хийж, хоёр орны харилцаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, соёл, спортын салбарын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцохоор ирсэн тухай мэдээлж, зарим тов нь гараагүй уулзалтуудыг зохион байгуулахад анхаарч өгөхийг хүсэв.
Ибрахим Аль-Фахруу Элчин сайдтай дахин уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ ёслолын асуудалтай холбоотой бүх асуудалд Элчин сайдыг дэмжиж ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж, уулзалтуудыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв.
Уулзалтын хүрээнд талууд ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй өндөр түвшний айлчлал, зарим арга хэмжээний асуудлаар санал солилцлоо.