images

Элчин сайд П.Сэргэлэн Катарын Гадаад хэргийн яамны Ерөнхий нарийн бичгийн дарга Ахмад Хассан Аль-Хаммадитай уулзав

Хэвлэлийн мэдээ

2023-05-11

56

Монгол Улсаас Катар Улсад хавсран суугаа Элчин сайд П.Сэргэлэн Катарын Гадаад хэргийн яамны Ерөнхий нарийн бичгийн дарга Ахмад Хассан Аль-Хаммадитай 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов.

Уулзалтын эхэнд Элчин сайд П.Сэргэлэн Монгол, Катарын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн хүрээнд 3 дугаар сарын 5-6-ны өдрүүдэд зохион байгуулсан “Welcome to Mongolia” арга хэмжээ, Монгол, Катарын бизнес форум нь Монгол Улсыг Катарын ард түмэнд сурталчлан таниулах, хоёр орны соёл урлаг, аялал жуулчлал, эдийн засгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой байсныг тэмдэглээд арга хэмжээг амжилттай зохион байгуулахад Катар Улсын Гадаад хэргийн яам тэрдундаа Ёслолын газар, Азийн газрын зүгээс бүх талын дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлэв.

Түүнчлэн, арга хэмжээний үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатар, Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр, УИХ-ын гишүүн бөгөөд Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, УИХ-ын гишүүн бөгөөд УИХ дахь Монгол- Катарын бүлгийн дарга Д.Өнөрболор нар Катар Улсад ажлын айлчлал хийж, дээрх арга хэмжээнүүдэд оролцохоос гадна Катарын холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, дээд түвшний айлчлал, парламент хоорондын хамтын ажиллагаа, зам, тээврийн салбарын хамтын ажиллагааг урагшлуулах асуудлаар холбогдох Катарын өндөр түвшний албан тушаалтнуудтай уулзсан нь хамтын ажиллагааг хөгжүүлэхэд түлхэц болсныг онцлов. Нэн ялангуяа Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Катар Улсад хийсэн айлчлалынхаа үеэр Монгол Катарын Агаарын харилцааны хэлэлцээрт гарын үсэг зурсан нь хоёр орны хамтын ажиллагааны шинэ үүд хаалгыг нээж байгааг тэмдэглэв.

Монгол Улсын хувьд Катар Улс руу хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнүүд нэн ялангуяа мах, махан бүтээгдэхүүн экспортлох сонирхолтой байгаа бөгөөд энэ хүрээнд Катарын Нийтийн эрүүл мэндийн яамтай магадлан итгэмжлэл хийлгэх асуудлаар хамтран ажиллаж байгаа тухай мэдээлж, Ерөнхий нарийн бичгийн даргаас энэхүү ажлыг урагшлуулахад дэмжлэг үзүүлж ажиллахыг хүсэв.

Түүнчлэн, Элчин сайд П.Сэргэлэн Монгол, Катарын Гадаад хэргийн яамд хоорондын ээлжит зөвлөлдөх уулзалтад монголын талаас чухал ач холбогдол өгч байгааг тэмдэглээд уулзалтыг амжилттай зохион байгуулахад Элчин сайдын яамны зүгээс бүх талаар хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

Ерөнхий нарийн бичгийн дарга Др. Ахмад Хассан Аль-Хаммади Катар Улс Монгол Улстай 1998 онд дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй өргөжин хөгжиж байгаад баяртай байгаагаа илэрхийлээд цаашид илүү олон салбарт өргөжин хөгжинө гэдэгт бүрэн итгэлтэй байгаагаа нотлов. Тэрээр хоёр орны хооронд байгуулсан Агаарын харилцааны хэлэлцээрийн хүрээнд “Катар айрвайз” компани ойрын хугацаанд хоёр орны хооронд шууд нислэг үйлдэж эхэлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд шууд нислэг нь хоёр орны аялал жуулчлал, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, экспорт, импортыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтойг тэмдэглэв.

Түүнчлэн тэрээр катарын төлөөлөгчдийг даргалан ойрын хугацаанд Монгол Улсад айлчилж, Катар, Монголын Гадаад хэргийн яамд хооронд зөвлөлдөх уулзалтад оролцох, мөн үеэр хоёр орны хооронд яригдаж, хүлээгдэж буй асуудлуудаар дэлгэрэнгүй санал солилцохоор төлөвлөж байгаагаа илэрхийлэв.

Уулзалтын төгсгөлд Элчин сайд П.Сэргэлэн хоёр орон шууд нислэг хийх, иргэд харилцан визгүй зорчих эрх зүйн орчныг бүрдүүлэхээс гадна хоёр орны бизнес эрхлэгчид хооронд холбоо тогтоох, хамтын ажиллагааг эхлүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллаж байгааг дурдаад цаашид Элчин сайдын яамны зүгээс хоёр орны харилцааг шат ахиулж, эдийн засаг, хөрөнгө оруулалт, соёл боловсрол, шинжлэх ухаан, аялал жуулчлал, уул уурхайн салбарт бодит үр дүн гаргаж, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр идэвхтэй, түргэн шуурхай ажиллахаа тэмдэглээд энэхүү ажлуудыг ажил хэрэг болгоход Катарын Гадаад хэргийн яамнаас үргэлжлүүлэн дэмжиж ажиллана гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийллээ.