РАМАДАН САРЫН ТУХАЙ
Ислам шашинтнуудын ариун сар “Рамадан” өнөөдөр /2023.03.23/ эхэлж байна. Энэ нь хижра буюу исламын он тооллын хуанлигийн ес дэх сар буюу хүн төрөлхтний гар дээр Коран судрын анхны мөртүүд буусан сар юм.
Ислам шашинтнууд Рамадан сарын үеэр үүрийн гэгээнээс эхлээд нар жаргатал ганц балга ус ч уулгvй мацаг барьдаг. Энэхүү заншлыг "Фард" хэмээн нэрлэдэг ба энэ нь исламын таван тулгуур баганын нэг бөгөөд исламын шашинтан хүн бүрийн ариун үүрэг юм. Мацаг барихгүй байхыг жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд, хүүхэд, өндөр настан, аян замд яваа болон өвчтэй хүмүүст зөвшөөрдөг байна.
Рамадан сарын үеэр идэж уухаас гадна хараал хэлэх, зохисгүй зан авир гаргах, муу үйл хийх, мацаг барьсан хүмүүс бэлгийн харьцаанд орох зэргийг хориглох бөгөөд залбирал, уншлагаар оюунаа ундаалахыг зөвлөдөг. Түүнээс гадна хүн бүр дор бүрнээ сайн үйлс хийх, нар жаргасны дараа мацаг барьсан хүмүүс болон ядууст зориулан ширээ засаж дайлах нь энэ сарын хамгийн гол заншил юм.