МОНГОЛ, КУВЕЙТИЙН БИЗНЕС ФОРУМЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Монгол, Кувейтийн бизнес форумыг Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Элчин сайдын яам санаачилж, Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхим, Катарын Худалдаа, аж үйлдвэрийн танхимтай хамтран 2023 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Эль-Кувейт хотноо амжилттай зохион байгууллаа. Бизнес форумд Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Элчин сайд П.Сэргэлэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр болон хөдөө аж ахуй, аялал жуулчлал, уул уурхайн салбарт бизнес эрхэлдэг 20 гаруй төлөөлөл, кувейтийн талаас төр, хувийн хэвшлийн 15 байгууллагын 30 орчим төлөөлөгч оролцлоо.
Бизнес форумын үйл ажиллагааг нээж, Элчин сайд П.Сэргэлэн, Кувейтийн Худалдаа аж үйлдвэрийн танхимын Дэд дарга Фахад Яакүүб Аль-Жоаан нар үг хэлэв.
Элчин сайд П.Сэргэлэн Монгол, Кувейт улс төрийн найрсаг сайн харилцаатай явж ирсэн бөгөөд энэхүү харилцаанд үндэслэн эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, энэ төрлийн бизнес форумыг тогтмол зохион байгуулах замаар хоёр орны бизнес эрхлэгчдийг холбох, харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар онцгой анхаарал хандуулж байгааг тэмдэглээд бизнес форумд оролцогчдод амжилт хүсэв.
Дэд дарга Фахад Яакүүб Аль-Жоаан Кувейт, Монгол найрсаг сайн харилцаатай орнууд бөгөөд эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх сонирхол аль аль талд байгааг тэмдэглээд энэхүү бизнес форумын үеэр хоёр орны хамтын ажиллагааны цар хүрээ өргөжин, худалдааны эргэлт нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Нээлтийн үг хэлсний дараагаар Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга Т.Дүүрэн Монгол Улсын эдийн засаг, хөрөнгө оруулалтын нөхцөл байдал, хөдөө аж ахуй тэр дундаа мах, махан бүтээгдэхүүн, аялал жуулчлал, уул уурхайн салбарын өнөөгийн байдлын талаар илтгэл тавьсан бол Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр Монгол Улсын Ерөнхийлөгчийн эдийн засаг, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, байгаль орчны салбарын асуудлаар баримталж буй бодлогын талаар нэмэлт мэдээлэл өгөв.
Бизнес форумын албан ёсны уулзалтын төгсгөлд Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Кувейт Улсын Худалдаа аж үйлдвэрийн танхим хооронд хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичигт талууд гарын үсэг зурлаа.
Уулзалтын дараагаар манай аж ахуйн нэгжүүд өөрсдийн үйлдвэрлэдэг бараа бүтээгдэхүүнээр гаргасан үзэсгэлэнг толилуулахын зэрэгцээ хоёр орны бизнес эрхлэгчдийн дунд B2B уулзалтыг хийж, хамтран ажиллах боломжийн асуудлаар санал солилцов.
Монгол, Кувейтийн бизнес форум нь Монголын эдийн засаг, хөрөнгө оруулалтын нөхцөл байдлын талаар Кувейтийн хувийн хэвшлийн төлөөлөлд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой форум боллоо.