images

КАТАР УЛСЫН ДОХА ХОТНОО “WELCOME TO MONGOLIA” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хэвлэлийн мэдээ

2023-03-12

78

Монгол Улсын Засгийн газар 2023, 2024, 2025 оныг “Монголд зочлох” аялал жуулчлалын жил болгон зарласан, мөн энэ онд Монгол, Катарын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож буй зэрэгтэй холбогдуулан Монгол Улсыг Катар Улсад сурталчлан таниулах зорилготойгоор Монголын өдрүүд арга хэмжээний соёлын арга хэмжээг Монгол Улсаас Катар Улсад хавсран суугаа Элчин сайдын яам санаачилж, Гадаад харилцааны яам, Соёлын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Катар Улсын соёл урлагийн сан болох КАТАРА-тай хамтран “Welcome to Mongolia” сэдвийн дор Доха хотноо 3 дугаар сарын 6-ны өдөр зохион байгуулав. Арга хэмжээнд Монголын Үндэсний урлагийн их театр, Монгол Улсын гавьяат жүжигчин, Соёлын элч Э.Анхбаяр, “Queen model agency”-гийн загвар өмсөгчид, уран зураач С.Чулуунбаатар, М.Уламбаяр нар оролцож, Монголын ардын болоод орчин үеийн урлаг мөн дэлхийн сонгодог урлагийн номерууд, Монголын байгаль, аж ахуйг харуулсан уран зургийн үзэсгэлэнг КАТАРА-гийн Драмын театрт толилууллаа.

Энэхүү арга хэмжээг Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатар нээж хэлсэн үгэндээ Монгол, Катар найрсаг сайн харилцаатай орнууд бөгөөд энэхүү харилцаанд тулгуурлан хоёр орны хамтын ажиллагааг бүхий л салбарт нэн ялангуяа иргэд хоорондын харилцаа, соёл, урлагийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд энэхүү арга хэмжээ чухал ач холбогдолтой болж байгааг онцоллоо.

Тоглолтыг КАТАРА соёлын сангийн удирдлага, Катарын Эмирийн ордон, Зөвлөлдөх зөвлөл /Парламент/, Гадаад хэргийн яамны төлөөлөл, Доха хотноо суугаа гадаад улс орнуудын Элчин сайдын яамд, олон улсын байгууллагын төлөөлөгчид болон катарын иргэд зэрэг 300 гаруй зочин үзэж сонирхов.

Арга хэмжээний төгсгөлд КАТАРА соёлын сангийн дарга Др.Халид Аль-Сулайти Монголын урлагийн багийг 2030 онд Катар Улсад болох Азийн наадмын нээлтэд тоглохыг албан ёсоор урилаа.

“Монголын өдрүүд” арга хэмжээ нь Монгол ахуй, байгаль, ардын болоод орчин үеийн соёл урлаг, түүхийг Катарын ард түмэнд таниулах, соёлын хамтын ажиллагааны суурийг тавихад чухал ач холбогдолтой боллоо.