Монгол, Катарын бүлгийн дарга нар уулзалт хийлээ
УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол, Катарын парламентын бүлгийн дарга Д.Өнөрболор Катар Улсын Шурагийн зөвлөлийн гишүүн, Шурагийн зөвлөлийн Санхүү, эдийн засгийн хорооны дарга бөгөөд Катар, Монголын парламентын бүлгийн дарга Ахмад бин Хитми Аль-Хитми-тэй 3 дугаар сарын 5-ны өдөр уулзалт хийв. Уулзалтад Шурагийн зөвлөл дэх Катар, Монголын парламентын бүлгийн гишүүд болох Сауд бин Жасим Аль-Буанин, Мухаммад бин Эйд Аль-Кааби, Иса бин Ахмад Аль-Наср нар оролцсон бол манай талаас Монгол Улсаас Катар Улсад хавсран суугаа Элчин сайд П.Сэргэлэн, ЭСЯ-ны хоёрдугаар нарийн бичгийн дарга З.Даваажав нар оролцов.
Уулзалтын эхэнд Д.Өнөрболор гишүүн энэ онд Монгол, Катарын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож байгааг онцлоод Монгол Улс Катар Улстай явуулж буй хамтын ажиллагаандаа чухал ач холбогдол өгч, боломжит бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх сонирхолтой байдгийг тэмдэглэв.
Ахмад бин Хитми Аль-Хитми гишүүн Монгол, Катарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө Катар, Монголын бүлгийн даргын хувиар хувь нэмрээ оруулахын төлөө байгаагаа илэрхийлэв. Мөн хоёр улс олон улсын тавцанд харилцан нэгнээ дэмжиж ирсэн уламжлалт харилцааг цаашид улам бэхжүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэв.
Уулзалтаар талууд хоёр орны худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал, агаарын тээвэр, соёл, боловсрол, батлан хамгаалахын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар санал солилцлоо. Эдгээр ажлуудыг ажил хэрэг болгоход хоёр талын парламент дахь найрамдлын бүлэг хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэгтэй болохыг онцлоод, цаашид хоёр орны хууль тогтоох дээд байгууллага хоорондын харилцааг идэвхжүүлэх, хамтын ажиллагааны боломж нөөцийг ашиглаж, үр дүнд хүргэхэд анхаарч ажиллахад бэлэн байгаагаа харилцан илэрхийлэв.
Уулзалтын төгсгөлд Д.Өнөрболор гишүүн Ахмад бин Хитми Аль-Хитми болон Шурагийн зөвлөл дэх Катар, Монголын парламентын бүлгийн гишүүдийг Монгол Улсад тааламжтай цагтаа айлчлахыг урилаа.