images

МОНГОЛ, КАТАРЫН ХООРОНД ШУУД НИСЛЭГ ҮЙЛДЭХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ

Хэвлэлийн мэдээ

2023-03-12

57

Монгол Улсын их хурлын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Катар Улсын Тээврийн сайд Жасим бин Сейф Ахмад Аль-Сулейти нар “Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Катар Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т 2023 оны 3 дугаар сарын 7-ны өдөр гарын үсэг зурав. Гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол, Катарын парламентын бүлгийн дарга Д.Өнөрболор, Монгол Улсаас Катар Улсад хавсран суугаа Элчин сайд П.Сэргэлэн, Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Ч.Мөнхтуяа, Зам, тээврийн хөгжлийн сайдын зөвлөх С.Жавхланбаатар тэргүүтэй төлөөлөгчид, катарын талаас Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Мухаммад Фалех Аль-Хажри болон бусад албаны хүмүүс оролцов.

Тус хэлэлцээрийг байгуулснаар Улаанбаатар – Доха чиглэлд шууд нислэг үйлдэх, хурдан шуурхай зорчигч, ачаа тээвэрлэх боломжтой болохоос гадна хоёр орны тээвэр, аялал жуулчлал, худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуйн хамтын ажиллагаа тэр дундаа мах, махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх боломжийг нээхэд чухал ач холбогдолтой юм.

Гарын үсэг зурах ёслолын дараа сайд нар хоёр талын уулзалт хийж, иргэний нисэхийн салбарын мэргэжилтнүүдийг Катар Улсад сургах, Монголд хуурай боомт байгуулахад техникийн туслалцаа үзүүлэх, Монголд зам, тээврийн салбарт хэрэгжүүлэхээр төлөвлөж буй томоохон төслүүд дээр хамтарч ажиллах талаар ажлын хэсэг байгуулж судлахаар харилцан ярилцаж, тохиролцлоо.