images

МОНГОЛ, КАТАРЫН БИЗНЕС ФОРУМЫГ ДОХА ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хэвлэлийн мэдээ

2023-03-12

66

Монгол, Катарын анхдугаар бизнес форумыг Монгол Улсаас Катар Улсад хавсран суугаа Элчин сайдын яам санаачилж, Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхим, Катарын Худалдаа, аж үйлдвэрийн танхимтай хамтран 2023 оны 3 дугаар сарын 6-ны өдөр Катар Улсын нийслэл Доха хотноо амжилттай зохион байгууллаа. Бизнес форумд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатар, УИХ-ын гишүүн бөгөөд УИХ дахь Монгол, Катарын парламентын бүлгийн дарга Д.Өнөрболор, Монгол Улсаас Катар Улсад хавсран суугаа Элчин сайд П.Сэргэлэн, Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн 20 гаруй төлөөлөл, катарын талаас төр, хувийн хэвшлийн 12 байгууллагын 20 орчим төлөөлөгч оролцлоо.

Бизнес форумын үйл ажиллагааг нээж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатар, Катарын Худалдаа аж үйлдвэрийн танхимын Тэргүүн дэд дарга Мухаммад бин Твар Аль-Кувайри нар үг хэлэв.

Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатар энэ онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож байгааг тэмдэглээд хоёр орны улс төрийн найрсаг сайн харилцаанд үндэслэн эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, энэ төрлийн бизнес форумыг тогтмол зохион байгуулах замаар хоёр орны бизнес эрхлэгчдийг холбох, харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар онцгой анхаарч ажиллахыг мэдэгдэв.

Тэргүүн дэд дарга Мухаммад бин Твар Аль-Кувайри Катар, Монгол найрсаг сайн харилцаатай орнууд бөгөөд эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх сонирхол аль аль талд байгааг тэмдэглээд энэхүү бизнес форумын үеэр хоёр орны ойлголцлын цар хүрээ өргөжин тэлж, хоёр улсын хамтын ажиллагаа илүү том цар хүрээг хамарна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Хоёр талын тэргүүлэгч нар үг хэлсний дараагаар Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга Т.Дүүрэн Монгол Улсын эдийн засаг, хөрөнгө оруулалтын нөхцөл байдал, хөдөө аж ахуй тэр дундаа мах, махан бүтээгдэхүүн, аялал жуулчлал, уул уурхайн салбарын өнөөгийн байдлын талаар илтгэл тавилаа.

Форумын үеэр хоёр тал бизнес, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх боломж бололцоо, тулгарч буй саад бэрхшээлийн талаар санал солилцож, эдийн засгийн харилцаа, түүний дотор хөдөө аж ахуй, аялал жуулчлал, хөрөнгө оруулалтын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлыг хөндөн ярилцав.

Форумын төгсгөлд манай аж ахуйн нэгжүүд өөрсдийн үйлдвэрлэдэг бараа бүтээгдэхүүнээр гаргасан үзэсгэлэнг толилуулахын зэрэгцээ хоёр орны бизнес эрхлэгчдийн дунд B2B уулзалт болж өндөрлөлөө.

Монгол, Катарын бизнес форум нь анх удаагаа зохион байгуулагдаж байгаагаар онцлог байсан бөгөөд Монголын эдийн засаг, хөрөнгө оруулалтын нөхцөл байдлын талаар Катарын хувийн хэвшлийн төлөөлөлд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой форум боллоо.